СЭЛЭНГЭ: Хөдөлмөр бүтээлийн эзэд Сэлэнгэ түмэн дэлгэр сайхан наадлаа

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-07-13 17:13:52

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Хөдөлмөр бүтээлийн эзэд баатар, гавьяатуудаараа омогшсон Сэлэнгэ түмэн дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.


Нар, хур тэгширсэн Сэлэнгийн наадмаар шинэхэн арслан, заан, начин цолтон төрж, даян мэргэн, аймгийн гоц харваач, аймгийн мэргэн, аймгийн гарамгай харваач шинээр төрж, энгүй сайхан наадлаа.

Ардын хувьсгалын 102, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 126 бөх барилдсанаас Сант сумын харьяат аймгийн заан Б.Ганбаяр түрүүлж, аймгийн арслан, Алтанбулаг сумын харьяат сумын заан Э.Алтанбаяр үзүүрлэж, аймгийн заан цолтон боллоо.


Улсын баяр наадам төдийгүй, олон аймагт сумын заан цолтой залуус түрүүлж, үзүүрлэж, аймгийн арслан, заан цолтон болсон нь бөхийн нэгэн шинэ үе гарч буйг харууллаа хэмээн ахмад сэтгүүл, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Т.Доржсүрэн гуай бахархан өгүүллээ.

Ардын хувьсгалын 102, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 92 жилийн ойн баяр наадмын Их насны морьдын уралдаанд Мандал сумын аймгийн “Алдарт уяач” С.Бат-Очирын уясан хээр морь түрүүлж, Мандал сумын уяач А.Сэлэнгэбаярын уяж хурдлуулсан Д.Отгонбаатар уяачийн шарга морь аман хүзүүнд давхисан бол хурдан азарганы уралдааны түрүү магнайд Мандал сумын уяач О.Төрболдын хонгор давхиж, аман хүзүүнд Сүхбаатар сумын уяач Д.Баатарзоригийн хээр халзан хурдаллаа.

Мөн наадмын шүдлэн насны уралдааны түрүү магнайд Жавхлант сумын уяач Д.Сугарын хүрэн, хязаалангийн түрүү магнайд Түшиг сумын уяач М.Баярмандахын хонгор халзан, дааганы уралдаанд Мандал сумын уяач Г.Бат-Орхоны хээр түрүүлж унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баярлууллаа.  

Үндэсний их баяр наадмын хамгийн үзүүштэй нэгэн төрөл бол цэц мэргэчүүдийн уран харваа байдаг. Үндэсний сурын харвааны эмэгтэйчүүдийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул ХЦ-ийн 0101-р ангийн харваач, аймгийн мэргэн, спортын мастер Б.Өлзийбаяр, эрэгтэйчүүдийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул "Селхозтехник импорт" компани, "Битум Монгол" ХХК, Хилчин спорт хороо, Есүхэй мэргэн клубын харваач сумын мэргэн Б.Хүрэлбаатар түрүүлж аймгийн мэргэн цолтон боллоо.


Буриад сурын харваанд эмэгтэйчүүдээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул ХЦ-ийн 0101-р ангийн харваач, аймгийн мэргэн Б.Өлзийбаяр түрүүлсэн бол эрэгтэйчүүдийг Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, “Их хааны мэргэд” клубын харваач спортын дэд мастер Ж.Энх-Амгалан, урианхай сурын харвааны тэргүүн байрт Шаамар сумын Дулаанхаан тосгоны харьяат, УБТЗ Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын харваач, спортын мастер Ч.Баттогтох манлайллаа.