Монгол-Швейцар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөндөж ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2023-08-01 14:05:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн дэд сайд бөгөөд Хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Элчин сайд Патрисиа Дансиг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар талууд хоёр орны харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар тухайлбал, эдийн засаг, банк, санхүү, цахим шилжилт, цаг уурын өөрчлөлт, эрчим хүч, гамшгийн менежмент, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах талаар ярилцав. Швейцарын Хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр 200 гаруй сая швейцар франкийн өртөг бүхий олон чухал төсөл, хөтөлбөрүүдийг Монгол Улсад хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээр нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр онцолж, талархал илэрхийлэв. Мөн ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд харилцан айлчлал хэрэгжүүлэх, хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь чухал гэдгийг онцлов.


Хоёр орны харилцааг өргөжүүлэх, тухайлбал, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч байгаагаа Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн дэд сайд бөгөөд Хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Патрисиа Данси тэмдэглэж, цаг уурын өөрчлөлт, цахим хөгжил, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг мөн чухалчилж байгааг онцоллоо.

Холбоотой мэдээ