Оросын эсрэг нэгдэхийг В.Зеленский дэлхийн удирдагчдад уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-20 11:23:59

НЬЮ-ЙОРК. /CNN/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд анх удаа биечлэн оролцож буй Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросыг ялагдуулахын тулд нэгдэхийг дэлхийн удирдагчдад хандан уриалжээ.


Мягмар гарагт Нью-Йорк хотноо хэлсэн үгэндээ В.Зеленский Оросын түрэмгийллийн зорилго нь “дан ганц Украинд хамаатай бус” гэдгийг НҮБ-ын чуулганд оролцож буй удирдагчдад анхааруулсан байна.


Тэрбээр Оросын тал Хар тэнгисийн боомтуудыг бүслэн хаасан нь Украины хувьд хүнсний үр тариагаа тээвэрлэхэд хүндрэл учруулж байгааг дурдаад, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь дэлхийд өлсгөлөн нүүрлэхэд хүргэж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байгааг сэрэмжлүүллээ.


В.Зеленский цааш нь хэлэхдээ, эрчим хүчний эх үүсвэрийн хувьд өөрөөс нь хамааралтай байсан Европын орнуудад байгалийн хий, газрын тос нийлүүлэхэд саад учруулахыг Оросын тал оролдож байгааг онцолж, үүнийг эрчим хүчийг зэвсэг болгон ашиглаж буй явдал” гэж тодорхойлсон байна.


“Бусад улс орныг сулруулахын тулд оросууд газрын тос, байгалийн хийг зэвсэг болгон ашиглаж байна” гэж тэрбээр хэлээд, одоо энэ аюул улам бүр нэмэгдэж байгааг анхааруулжээ. “Энэ нь бусад улс орнуудын цахилгаан станцуудыг жинхэнэ бохир бөмбөг болгон хувиргаж байна. Манай Запорожийн атомын цахилгаан станцад юу хийснийг нь хар даа. Тэд станц руу их буугаар буудаж, эзэлж аваад, цацраг идэвхт бодис алдагдах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж, айлган сүрдүүлж байна хэмээн Зеленский хэллээ.


Украины Ерөнхийлөгч үгийнхээ төгсгөлд “Оросыг зогсоох ёстой” гэдгийг цохон тэмдэглээд, “Бид түрэмгийлэгчийг ялахын тулд эв нэгдэлтэй байж, дээр дурдсан сорилтуудыг даван туулахын тулд бүхий л эрч хүчээ дайчлах ёстой. Цөмийн зэвсгийг хазаарлан барьж болдгийн адилаар түрэмгийлэгчийг ч мөн хазаарлан барих ёстойгэжээ.





Холбоотой мэдээ