СҮХБААТАР: Агтана хүрээт хүлэгч эрсийн наадамд хоёр улсын 100 гаруй адуучин оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-11-01 12:15:11

Баруун-Урт, 2023 оны арван нэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Агтана хүрээт хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зурагчдын уралдаан Шилийн богдын хормойд тав дахь жилдээ боллоо.


Адууны соёлыг дагасан биет болон биет бус өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх нь тус наадмын гол зорилго юм. Наадамд хоёр улсын 100 гаруй адуучин оролцжээ.



Монгол адуугаа ахуй амьдралдаа эдэлж хэрэглэх, монгол үндэсний өвлийн хувцсаа сэргээх ойрын зорилготой, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх алсын хараатай уг үйл ажиллагаа жил ирэх тусам хүрээгээ тэлж, зорилгодоо дөхсөөр байна. Энэ жилийн наадамд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол, Хөлөнбуйр, Хайлаар хотоос хүлэгч эрс, дуучид ирж оролцлоо.


Олон улсын Бичигт боомтоор дамжин ердөө 200 орчим км яваад жуулчид ирэх боломжтой. Энэ бол бидний давуу тал. Гагцхүү жуулчны бааз, амралтын хүрээ цөөн байгаа нь гол асуудал болж байна. Тиймээс цаашид энэ үйл ажиллагааг төр засаг, орон нутгийн зүгээс бодлогоор дэмжиж, хамтран ажиллах юм бол хил орчмын аялал жуулчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх боломж байна гэж харж байгаа хэмээн Агтана хүрээт төслийг санаачлагч Б.Мөнхбат ярилаа.


Хоёр өдөр үргэлжилсэн Агтана хүрээт наадам нар харах, гал тахих зэрэг өв соёл зан үйл, соёл урлагийн үйл ажиллагаа, тэмцээн уралдаан гэсэн хэсгээс бүрджээ.



Адуучин тэмцээнд 16 аймгийн 105 адуучин залуу ид хав, идэрийн жавхааг гайхуулан өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулав.

1-р байр Л.Оюунбаяр Улаанбаатар хот Багахангай дүүрэг

2-р байр Б.Нямдорж Сүхбаатар аймаг Мөнххаан сум

3-р байр н.Гантулга ӨМӨЗО-ы Шилийн гол Авга хошуу

4-р байр Ж.Ганбаяр Сүхбаатар аймаг Мөнххаан сум

5-р байр н.Төгөлдөр Баянхонгор аймаг Баацагаан сум

6-р байр Б.Сүхдорж Сүхбаатар аймаг Сүхбаатар сум

7-р байр Сүхбаатар аймаг Түвшинширээ Г.Лхагвадорж нар шалгарлаа.

Хос морьтон тэмцээнд таван аймгийн 12 хос оролцов.

1-р байранд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Б.Намжилдорж Б.Долгорсүрэн

2-р байранд Хэнтий аймгийн Батширээт сумын н.Мөнх-Эрдэнэ н.Болорцэцэг

3-р байранд Сүхбаатар аймаг Дарьганга сум Ч.Улаанхүү, Сүнжидмаа нар шалгарлаа.

Уламжлал ёсоор Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уяач Б.Гэрэлтнарангийн унаган адуу Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Д.Баяраагийн хүрэн морийг түмэн олны өмнө алдаршуулж, хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн "Агтана хүрээт-2023" наадмыг хамгийн холоос зорьж ирсэн оролцогч буюу Увс аймгийн Тэс сумаас зорин ирсэн Л.Галиндэвд Монгол Улсын алдарт уяач Р.Ооёо агсны хүү аймгийн алпарт уяач О.Ихбаяр унаган адуугаа бэлгэлэсэн нь олны талархлыг хүлээсэн үйл ажиллагаа болов.


Гэрэл зургийн уралдааны шилдгүүдийг удахгүй шалгаруулах аж.  

 

Холбоотой мэдээ