Э.Золбоо: Арматур, цемент, хавтгай шил гэсэн гол гурван нэр төрлийн материалын үйлдвэр барих зорилттой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-03 13:08:30

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Манай улс барилгын материалынхаа 60 гаруй хувийг гаднаас импортолдог. Харин үлдсэн 40 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж байна.


Ялангуяа барилгын гол түүхий эд болсон цементээ дотооддоо үйлдвэрлэдэг болоод даруй 40 жил болжээ. Гэвч “Хөтөл”-ийн цемент, шохойн үйлдвэрийн хүчин чадал хаанаа ч хүрэлцдэггүй байсан учраас урд хөршөөс цемент импортлохоос аргагүй байв. Харин өдгөө МАК-аас эхлээд хувийн хэвшлийнхэн цемент үйлдвэрлэж эхэлснээр хэрэгцээгээ 100 хувь дотоодоос хангах боломж нээгдсэн гэхэд болно. Тэгвэл арматурын 50 хувийг Хятад, үлдсэнийг нь ОХУ-аас импортолж байна. Өнөөдөр “Барилгын материал, үйлдвэрлэлийн технологи 2023” эрдэм шинжилгээний хурал “Новотел” зочид буудалд болов. Тус хуралд Монголд барилгын материал үйлдвэрлэдэг 100 гаруй хүн оролцож, шийдэл ярилцаж байна. Уг хурлын үеэр Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоос зарим зүйлийг тодрууллаа.


-Барилгын материал дээр төрөөс баримталж байгаа бодлого юу вэ?

-Энэ салбарт төрөөс баримтлах бодлого гэж бий. Бодлогын баримт бичгийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Үүнд барилгын материалыг хөгжүүлж, гаднаас импортоор барилгын материал авахгүй нөхцөл бүрдүүлж, үйлдвэр барих зорилго тавьсан. Тодруулбал, арматур, цемент, хавтгай шил гэсэн гол гурван нэр төрлийн материалын үйлдвэр барьж ашиглалтад оруулах зорилттой. Өнөөдрийн байдлаар цементээ дотооддоо 100 хувь үйлдвэрлэж чадаж байна. Арматурыг импортоор авдаг. Жилд 250 мянган тонн орчим хэрэглэдэг. Үүнийг үйлдвэрлэх үйлдвэр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Жишээ нь, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг ашиглаад жилд 300 мянган тонн нийлүүлэх хүчин чадалтай гангийн үйлдвэр бэлтгэлээ хангаж байна. Мөн жилийн 100 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр Эрдэнэтэд ашиглалтад орно. “Бэрэн” компани уг үйлдвэрийг барьж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 70 хувьтай яваа. Үүнээс гадна Дорноговьд гангийн үйлдвэр барих ТЭЗҮ хийж байна. Түүнчлэн хавтгай шилний үйлдвэр барихаар газраа сонгоод, холбогдох бүх бичиг баримтаа аваад, бэлтгэл ажлаа хангасан. Одоо санхүүжилт дээрээ явж байна. Энэ гурван нэр төрөл дээр үйлдвэрлэлээ 100 хувь хангаж чадвал нийт барилгын материалын 50 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно. Зөвхөн дээр дурдсан гурав гэхгүй бүх барилгын материалаа дотооддоо үйлдвэрлэх бодлого баримтлан ажиллаж байна. Нэг үеэ бодвол маш их хэмжээний барилгын материал дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Энэ бол ахиц дэвшил юм. Төрөөс үйлдвэр барих боломжийг нь бүрдүүлж ажиллаж байна. Энэ дагуу Налайх, Багануур, Хонхор, Багахангайд аж үйлдвэрлэлтийн паркийн цогцолбор байгуулах ажил хийж байна. Энэ цогцолборт иргэд, аж ахуй нэгжүүд үйлдвэр баривал бид дэд бүтэцтэй газрын асуудлыг нь шийдвэрлэж өгнө. Газрын эхний 10 жилийн төлбөрөөс чөлөөлөх, гаалийн татвараас чөлөөлөх гэх мэтээр дэмжлэг үзүүлэх юм.


-Дотоодод үйлдвэрлэж буй барилгын материалын чанар дээр хэр анхаардаг юм бол?

-Монголчууд барилгын материалын 37 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Чанарын тал дээр ч сайн. Бид маш сайн хяналт тавьдаг. Стандартын шаардлага хангасан бараа, материал үйлдвэрлэдэг. Гэтэл импортоор орж ирж буй 63 хувь дээр бид ямар ч хяналт, шалгалт хийж чаддаггүй. Хил, гааль дээр ямар материал оруулж ирж байгааг шалгаж чаддаггүй. Тохирлын гэрчилгээг нь хараад оруулдаг. Нөгөө барилгын материал нь тохирлын гэрчилгээтэйгээ нийцэхгүй байх тохиолдол гарна. Тиймээс Замын-Үүдэд сорил, шинжилгээний лаборатори ашиглалтад оруулж байна. Одоо тоног төхөөрөмжөө суурилуулах ажлыг зохион байгуулж байна. Ирэх жилийн улсын төсөв дээр лабораторийнхоо тоног төхөөрөмж суурилуулах төсвөө тавиулж чадсан. УИХ-ын дээр төсөв хэлэлцэж байна. Бидний төсөвлөсөн төсөв хэвээрээ батлагдвал ирэх жил сорил, шинжилгээний лабораторио бүрэн ашиглалтад оруулна. Ингэснээр чанарын шаардлага хангасан барилгын материал импортоор оруулдаг болно гэсэн үг.


-Барилгын материал үйлдвэрлэх түүхий эдээ гаднаас оруулж ирэхээр үнэ өртөг ямар байх бол?

-Бидэнд байдаггүй зарим түүхий эдээ л гаднаас авч байна. Бусдаар бол аль болох дотоодоосоо хангаж байгаа юм. Гэхдээ түүхий эдийн үйлдвэрүүдээ бариад явна. Тэр хэрээр ахиц дэвшил гарна. Жишээ нь, арматур 2.5-2.7 сая төгрөгөөр оруулж ирж байна. ОХУ-аас оруулж ирсэн нь арай өртөг өндөртэй байгаа юм. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр хаягдал төмрөөр арматур үйлдвэрлэдэг. Хуучирсан үйлдвэр учраас өндөр өртгөөр арматур бий болдог. Тиймээс сүүлийн үеийн дэвшилтэт технологитой арматур үйлдвэрлэж чадвал импортынхоос хямд байх боломжтой. Импортын арматур үндсэн үнэ дээрээ тээвэрлэлтээс эхлээд бусад зардлаа шингээдэг. Тэр утгаараа дотооддоо үйлдвэрлэж чадвал маш хямд байх боломжтой гэж харж байна. 

Холбоотой мэдээ