Израилд үзүүлэх тусламжийн тухай хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /Reuters/. АНУ-ын Төлөөлөгчдийн танхим пүрэв гарагт Дотоод орлогын албаны санхүүжилтийг танаж, Израилд 14.3 тэрбум долларын тусламж үзүүлэх Бүгд Найрамдах намын /БНН/ төлөвлөгөөг баталжээ.
Энэ төлөвлөгөө Сенатад дэмжигдэхгүй хэмээн Ардчилсан намынхан эсэргүүцэж,
мөн Цагаан ордон хориг тавина гэсэн боловч Төлөөлөгчдийн
танхимын 226 гишүүний саналаар уг хуулийн төсөл дэмжигджээ. Харин 196 гишүүн эсрэг санал өгсөн байна.
ХАМАС бүлэглэлийн Израил руу хийсэн дайралтын эсрэг хариу арга хэмжээ авахын тулд уг хуулийн төсөл нь Төлөөлөгчдийн танхимын шинэ дарга Майк Жонсоны /БНН/ хувьд анхны томоохон хуулийн төсөл байв.
Дотоод орлогын албаны санхүүжилтийг хасаж байж
Израилд үзүүлэх энэ
тусламжийг батлахдаа Украинд үзүүлэх тусламжийг
орхигдуулсан тул Ерөнхийлөгч Жо Байден хориг тавина гэдгээ мэдэгдэж, Ардчилсан намынхан олонх болж буй Сенат дахь тус намын бүлгийн дарга Чак Шумер уг асуудлаар санал хураахгүй гэж мэдэгдсэн юм.
Ж.Байден Израил, Тайвань, Украинд үзүүлэх санхүүжилт болон хүмүүнлэгийн тусламжийг багтаасан 106 тэрбум долларын яаралтай тусламжийн багцыг батлуулах хүсэлтийг Конгресст гаргасан юм. Хоёр танхимын хооронд үүссэн маргааны улмаас Конгресс яаралтай тусламжийн төлөвлөгөөг батлахад хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай болж магадгүй юм.
Төлөөлөгчдийн танхимын баталсан хуулийн төсөлд зөвхөн Израилын армид олон тэрбум доллар олгох бөгөөд энэ тусламжийн хүрээнд ойрын тусгалын пуужингийн довтолгооноос хамгаалах Израилын “Төмөр бүрхүүл” болон “Дэвидын дүүгүүр” хамгаалалтын системийг худалдан авах, АНУ-ын нөөцөөс зарим тоног төхөөрөмж шилжүүлэх зэрэгт 4 тэрбум доллар олгох юм. Израил улс 2016 оноос эхлэн 10 жилийн төлөвлөгөөний дагуу АНУ-аас жил бүр 3.8 тэрбум долларын цэргийн тусламж авдаг.
Бүгд найрамдахчууд 221:212 харьцаагаар Төлөөлөгчдийн
танхимд олонх болж байгаа бол Ж.Байдены
Ардчилсан намынхан 51:49-өөр
Сенатыг хянадаг. Аливаа хууль Төлөөлөгчдийн танхим болон Сенатаар батлагдаж, Ерөнхийлөгч гарын
үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог.