Ж.Дэлгэрсайхан: Төсвийн өндөр тэлэлт нь эрсдэл дагуулах сөрөг нөлөөтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-11-03 11:20:53

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс "Үр дүнд суурилсан төсвийн бодлого" уулзалтыг эдийн засагчид, сэтгүүлчдийн оролцоотой зохион байгууллаа. Уулзалтын зочин илтгэгч СЭЗДС-ийн багш, дэд профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайханы хэлсэн үг, байр суурийг сонслоо.


Тэрбээр, УИХ-аар хэлэлцэж буй ирэх оны төсвийн төсөөллийн талаар хэлэхдээ, “Юуны өмнө эерэг талаас дүгнэхэд, сүүлийн жилд манайд төсвийн төлөвлөлтийн чиг баримжааг макро эдийн засгийн зорилго, хөгжлийн бодлоготой уялдуулах гэж оролдож байгаа нь дэвшилттэй байна. 2024 оны төсөв мөн эрчим хүч, автозам, тээврийн салбар гэсэн суурь дэд бүтэц рүү харьцангуй чиглэж байгаа нь олзуурхууштай. Энэ мэт сайн талууд байна. Нөгөө талаас хэлэхэд, манай улсын эдийн засаг дэлхий нийтийг хамарсан ковидын цар тахлын дараагаар харьцангуй сэргэж байгаа ч эрсдлүүд байсаар байна. Монгол Улсын гадаад худалдааны нөхцөл байдал цаашид энэ хэвээр сайн байх уу. Дэлхийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн валютын ханш зэргээс шалтгаалсан эрсдэл байх уу гэдийг тооцон авч үзэх учиртай. Ер нь тодорхойгүй нөхцөл байдал олон байна гэв.


Мөн тэрбээр, Ийм нөхцөл байдалд эдийн засгаа цаашид тогтвортой байна хэмээн төсөөлж, хэт их тэлэлттэй төсөв хийж байгаа нь эргэлзээтэй. Нөхцөл байдлаас үүдэн хэт өндөр тэлэлттэй төсвийн үр дүн, сөрөг тал юу байх юм гэдгийг анхаарах хэрэгтэй болоод байна. Жишээ нь, манайд гадаадын өрийн хэмжээ ДНБ-тэй харьцуулахад хэдийгээр буурч байгаа гэсэн ч өрийн дарамт өндөр хэвээр байгаа зэрэг сөрөг талууд байна. Тиймээс төсвийн тэлэлт, түүнээс хамаарах эрсдлийн асуудал анхаарал татаж байна.


Түүнчлэн, ДНБ-ний өсөлт, орлогын таамаглал дээр мөн өөдрөгөөр төсөөлжээ. Хэдий тийм ч гол үр дүн нь ямар байх вэ гэдэг чухал. Тодруулбал, иргэд, нийгэм рүү чиглэсэн үр дүн нь юу байх вэ гэдгийг тооцох учиртай. Өнөөдөр бид сэтгүүлчидтэй яг энэ сэдвийг хөндөн ярилцлаа. Төсвийг үр дүнд чиглүүлэн, үүнд суурилуулсэн төсөв боловсруулж хэрэгжүүлэх тал дээр УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам санал нэг, нэлээн идэвх санаачилгатай ажиллаж байгаа. Одоо харин төсвийн нийгэмд чиглэсэн үр дүн юу байх тал дээр олон нийт, иргэд өөрсдөө мэдээлэлтэй байж, энэ талын хэрэгжилт болон үр дүнг шахаж шаарддаг байх ёстой болоод байна гэсэн юм.


Эцэст тэрбээр, манай улсад төсвийн эрх зүй сайжирч ирсэн нааштай тал бий. Гагцхүү тогтолцоо нь тогтвортой бус, гажуудаж, хэрэгжилт учир дутагдалтай байна, төсөв нь макро эдийн засгийн олон зорилтыг хангасан, нийгэм-эдийн засгийн индикатор байх ёстой. Төсөв тэлсээр, тэнцэл сүүлийн жилүүдэд алдагдалтай гарч, 20 их наяд төгрөгт хүрээд байна хэмээн хэллээ. 

Холбоотой мэдээ