Колумбын зэвсэгт бүлэглэл Ливерпүүлын хөлбөмбөгчний эцгийг суллана гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-03 12:54:52

БОГОТА, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /Reuters/. Колумбын Үндэсний чөлөөлөх арми /ELN/ зэвсэгт бүлэглэлийн төлөөлөгч Ливерпүүл клубийн хөл бөмбөгийн од Луис Диазын эцгийг суллана гэж пүрэв гарагт мэдэгджээ.


Л.Диазын ээж Силенис Маруланда, эцэг Луис Мануэль Диаз нарыг өнгөрсөн бямба гарагт буюу 10 дугаар сарын 28-нд Ла Гуажира мужид машинтайгаа явж байхад нь зэвсэгт этгээдүүд барьцаалсан ба С.Маруландаг хэдхэн цагийн дараа суллажээ.


Колумбын засгийн газар пүрэв гаргийн өглөө хүн хулгайлсан хэрэгт ELN хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн байна. “Энэ бол засгийн газар болон босогчдын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн маш ноцтой үйлдэл гэж Дотоод хэргийн сайд Луис Фернандо Веласко мэдэгджээ.


ELN болон засгийн газар хоорондын энхийн хэлэлцээ өнгөрсөн онд дахин эхэлсэн бөгөөд 60 жил үргэлжилж, 450 мянган хүний аминд хүрсэн зэвсэгт мөргөлдөөнийг эцэс болгохыг эрмэлзэж байна. Хэлэлцээний явцад наймдугаар сараас эхлэн зургаан сарын хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрээд байв.


ELN-ээс Ройтерс агентлагт өгсөн видео бичлэгт, Л.Диазын аавыг "аль болох хурдан суллана" гэж ELN-ийн төлөөлөгч Хуан Карлос Куэллар олон нийтийн хурал дээр хэлсэн байна. ELN нь Колумбын хамгийн радикал зүүний  бүлэглэл бөгөөд хүн хулгайлах, барьцаалах болон хар тамхины наймааны орлогоор үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг аж.


Ливерпүүл клубийн тоглогч Луис Фернандо Диаз нь өдгөө 26 настай. Тэрбээр Португалын “Порту” багт тоглож байгаад 2022 онд Ливерпүүл клубтэй гэрээ байгуулжээ.



Холбоотой мэдээ