АРХАНГАЙ: 13 сумын 12 нь ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулан ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-11-03 13:07:51

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын “КЮ СЕРТФ” ХХК-иас Архангай аймгийн 13 суманд нэвтрүүлж баталгаажуулсан ISO 9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо. Шаардлага” стандартын “Магадлах-1” аудитыг 10 дугаар сарын 9-20-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн байна.


Магадлах аудит нь тухайн сумын ЗДТГ-т хэрэгжсэн ISO 9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо. Шаардлага” стандарт нь хэрхэн үр дүнтэй хэрэгжиж, тасралтгүй сайжирч, хэрэглэгчийн сэтгэл ханамжид хүрсэн байдалд үнэлэлт өгдөг бөгөөд өмнөх баталгаажуулах аудитаар 3 жилийн хугацаатай олгосон гэрчилгээний хугацааг хэвээр үргэлжлүүлэх, түдгэлзүүлэх, цуцлах эсэхийг шийдвэрлэдэг байна. Учир нь анх олгосон баталгаажуулалтын гэрчилгээний мэдээлэл нь Олон улсын стандартын байгууллагад /International standard organization/ мэдээлсэн байдаг бөгөөд өөрчлөлт орсон тохиолдолд мөн мэдэгддэг байна.


Магадлах-1 аудитаар Хангай, Тариат, Өндөр-Улаан, Ихтамир, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт, Хашаат, Цэнхэр, Төвшрүүлэх сумын ЗДТГ Чанарын менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулан ажиллаж байгаагаа нотолж, баталгаажуулалтын гэрчилгээний хугацаагаа хэвээр хадгалж чадсан байна.


Харин магадлах-1 аудитад Эрдэнэбулган сумын ЗДТГ хамрагдаагүй нь гэрчилгээ түдгэлзэх нөхцөл үүсэх магадлалтай байгааг тус компанийн аудитор мэдээлж байна.


Төрийн байгууллагуудад ISO 9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо. Шаардлага” стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх талаар Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу ажлаа чанаржуулах талаар стандартын шаардлагатай уялдуулах, мөн цаг хугацаанд нь товлосон аудитын үнэлгээнд хамрагдах, аудитын төлбөрийн асуудлыг төсөвт тусгуулах талаар холбогдох удирдлагууд анхааралдаа авч ажиллах нь чухал байгааг тус компанийн зүгээс хэлж байлаа

Холбоотой мэдээ