“Тавантолгой түлш” компани барьцалдуулагч үйлдвэрлэгч компаниудыг дэмжин ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. “Тавантолгой түлш” компани шахмал түлшний түүхий эдийн нэг болох барьцалдуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компаниудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад шахмал түлшний барьцалдуулагч үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй “Бэл кросс”, “Баялаг эрдэм цом”, “Виртуал софт”, “Гарааны баргил тех”, “Ганхүдэр орд”, “Хангай хан өндөр”, “Өлзийт төв”, “Каолин ланд бридж” гэсэн найман компани оролцлоо. Уулзалтын үеэр компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулж, туршлага солилцон, хамтын ажиллагааны асуудлуудаа ярилцав.
"Тавантолгой түлш" компани жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд нийлүүлдэг. Шахмал түлшний орц, найрлагын 95 хувь нь угааж баяжуулсан нүүрс буюу мидлинг байдаг бол таван хувийг нь барьцалдуулагч бүтээгдэхүүн эзэлдэг аж. Тус компани жилд 25 мянга гаруй тонн барьцалдуулагч бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бол үүний 50 хувийг БНХАУ-аас импортоор, үлдсэнийг дотоодын үйлдвэрлэгч компаниудаас авдаг байна.
Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд доломитын орцтой барьцалдуулагч бүтээгдэхүүнийг үндэсний “Баргил тех” компани үйлдвэрлэн шахмал түлшний үйлдвэрлэлд нийлүүлж байгаа юм. “Тавантолгой түлш” компани ирэх онд барьцалдуулагч бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчдээс 100 хувь авахаар төлөвлөснөө уг уулзалтын үеэр онцоллоо.
Ингэхийн тулд үйлдвэрлэгч компаниудад стандартад нийцсэн чанартай
бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн болоод байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх
гэсэн үндсэн шаардлагыг тавьж байгаа юм. Цаашлаад техникийн тодорхой
шаардлагуудыг хангасан барьцалдуулагч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадвал
худалдан авч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглах, үйлдвэрлэгч компаниудыг
дэмжих чиглэлд хамтран ажиллахад бэлэн
байгаагаа илэрхийлэв.