Монгол Улсын ХХААХҮЯ, Вьетнам Улсын ХААХХЯ хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын Малын ерөнхий эмч, доктор А.Нарантуяа, БНСВУ-ын ХААХХЯ-ны харьяа Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, БНСВУ-ын Малын ерөнхий эмч, доктор Нгуен Ван Лонг нар өчигдөр гэрчилгээнүүдийг баталгаажуулж, гарын үсэг зурав.
Монгол Улсын Ерөнхийлөгч
У.Хүрэлсүхийн БНСВУ-д төрийн
айлчлалын үеэр Худалдаа,
эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол,
Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун
тэргүүтэй ажлын хэсэг хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэх, Монгол Улсын
Засгийн газрын уул уурхайн бус экспортын түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл,
худалдааг дэмжих, нэмэх бодлогын хүрээнд БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн
хөгжлийн яам (ХААХХЯ), Мал эмнэлгийн ерөнхий газартай хоёр талт хамтын
ажиллагааны хүрээнд дараах тохиролцоонд хүрсэн юм.
Тодруулбал, Монгол
Улсаас БНСВУ-ын зах зээлд хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал
эмнэлгийн олон улсын гэрчилгээ”, БНСВУ-аас
Монгол Улсын зах зээлд тахианы мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн
олон улсын гэрчилгээ”, БНСВУ-аас
Монгол Улсын зах зээлд өндөг, өндөгөн бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн
олон улсын гэрчилгээ”-ний нөхцөлийг
тус тус эцэслэн тохиролцож, баталгаажуулжээ.