ХОВД: Цас орсны улмаас зарим сумын чиглэлд зам хаагдах төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-03 14:42:13

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээнээс үзэхэд энэ сарын 3-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн нийт нутгаар хүйтэрч, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Салхи Алтайн уулархаг нутаг болон их нууруудын хотгороор баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 28 метр хүрч ширүүсч, зам даваа хаагдаж болзошгүй тул иргэд хол, ойр зорчихдоо аюулгүй байдлаа бүрэн хангахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөлөө.  

Өнөөдрийн байдлаар Жаргалант, Дуут, Мөнххайрхан, Дөргөн, Чандмань, Манхан, Зэрэг, Дарви, Мянгад, Эрдэнэбүрэн сумын нутгаар хүчтэй шуурга шуурч байна.

Ховд аймгийн Мөст сумын гуравдугаар багийн нутаг Бага-Улаан давааны өгсөх, уруудах авто замын зорчих хэсэгт цас орсны улмаас хунгарлаж, зам даваа хаагдахад хүрээд буй. 

Иймээс Ховд аймгаас Мөст сумын Баянзүрх, Хужирт баг болон Алтай, Үенч, Булган сумын чиглэлд авто замын цас цэвэрлэж,
хэвийн ажиллагаанд орох хүртэл зорчихгүй байхыг малчид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.   

Холбоотой мэдээ