ОРХОН: “Smart Erdenet” аппликейшнээр төрийн 200 гаруй үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-03 15:33:09
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 3./МОНЦАМЭ/. Орхон аймаг сүүлийн гурван жилд Ухаалаг хот болох зорилт дэвшүүлж цахим засаглал, цахим дэд бүтцээ сайжруулж эхэлсэн.


Юуны өмнө “Цахим Эрдэнэт” хөтөлбөр баталж, төрийн бүх үйлчилгээг цахимжуулж иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэхэд чиглэн ажиллаж байна. Үүний үр дүнд төрийн байгууллагын 215 төрлийн үйлчилгээ цахимжиж иргэд лавлагаа, тодорхойлолт болон бусад бичиг, баримтыг цахимаар авч чадаж байна. Үүнийг “Smart Erdenet” аппликейшнээр шийдвэрлэж чадсан юм.


Үүнээс гадна, Эрдэнэт хот инженерийн шугам сүлжээнд шинэчлэл хийж улсын төсвийн 4,3 тэрбум төгрөгөөр 3,5 км-ийн урттай дулааны шугамыг шинэчилсэн. Ингэснээр Эрдэнэт хотыг дулаанаар найдвартай хангах боломж бүрдэж байна.


Мөн “Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн урдаас Цагаанчулуут баг хүртэлх найман км үргэлжлэх бохирын III коллекторыг шинээр байгуулж байна. Энэ нь Эрдэнэт хотыг хөгжүүлэх бодлоготой уялдаж цаашид нэмэгдэх орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний гол суурь дэд бүтэц нь болох юм.


Учир нь Орхон аймаг, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөр хэрэгжүүлж, шилжин суурьшигчдыг орон нутагт ирж ажиллахад нь орон сууцаар хангах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

 

Холбоотой мэдээ