ХӨВСГӨЛ: Төв музейд 52,5 кг жинтэй солир хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-03 17:15:53

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн төв музейд 52,5 кг жинтэй солир хадгалагдаж байна. 


Тус аймгийн Түнэл сумын нутаг Алтгана гэдэг газраас солирыг Түнэл сумын иргэн С.Гэндэнжав олж, 1956 онд музейд авчирч өгчээ.


Солирыг эрдэм шинжилгээний хүрээлэнд шинжлүүлэхэд төмөр солир болох нь тогтоогдсон гэдгийг музейн эрдэм шинжилгээний ажилтан М.Одмаа танилцууллаа.


Гараг хоорондын орон зайд янз бүрийн нас бүхий элдэв төрлийн тоос, шороо, том жижиг хатуу биетүүд оршдог байна.


Дэлхийн гадарга тоосны ширхгээс хэдэн кг жин татах чулуу хүртэлх янз бүрийн хэмжээтэй сансрын биетээр байнга бөмбөгдүүлж байдаг.


Эдгээр биетүүд нь дэлхийн хийн мандалд цагт 60000 км ба түүнээс ч их хурдтайгаар орж ирэн агаарын үрэлтийн улмаас хайлж шатдаг байна.


Шатаж дуусалгүйгээр дэлхийн гадарга дээр унаж ирэх биетийг солир гэдэг аж.

Монголд солир унаж байсан мэдээ олон байдаг гэнэ.


Тухайлбал 1933 онд Өмнөговь аймагт Ноён Богд, Говь-Алтайд Аж Богд 582 кг жинтэй зэрэг солир унаж байжээ.


Хамгийн том нь Ховд аймгийн Булган сумын нутаг дахь 20 тонн мөнгөн дөш солир унаж байсан ажээ.

 

Холбоотой мэдээ