СЭЛЭНГЭ: "Жэжү Олон улсын хүүхэд залуучуудын чуулган-2023”-д багш, сурагчид оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-08 12:03:02

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Жэжү тусгай мужид өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулсан “Жэжү Олон улсын хүүхэд, залуучуудын чуулган-2023”-д Сэлэнгэ аймгийн багш, сурагчид 9 дэх жилдээ оролцоод иржээ.

 

Тус чуулганд Канад, АНУ, Катар, Саудын Араб, Япон, Финланд, Филиппин, Вьетнам, Хятад, Тайвань, Омани, Солонгос зэрэг орноос 29 баг, 40 багш, нийт 201 сурагч оролцсон байна.

Монголоос оролцсон төлөөлөгчдийн чиглүүлэгчээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын 4-р сургуулийн англи хэлний багш Д.Оюунтуяа, Сүхбаатар сумын 2-р сургуулийн 12-р ангийн сурагч Н.Маргад, Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн 11-р ангийн сурагч Ц.Тужманлай, Баянгол сумын ЕБ-ын сургуулийн 11-р ангийн сурагч Ц.Нарангэрэл, Мандал сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн 11-р ангийн сурагч М.Хүслэн нар ажиллажээ.

 

Сэлэнгэ аймгийн тухайд БНСУ-ын Жэжү тусгай мужийн Боловсролын газартай хамтын ажиллагааны хүрээнд Сүхбаатар сумын 1, 2, 4, Шаамар, Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуульд орчин үеийн мэдээлэл харилцааны технологийн кабинетыг тохижуулан хүлээлгэн өгсөн байна.

 

Мөн энэ хичээлийн жилд Мандал сумын 4 дүгээр сургуульд мэдээллийн технологийн иж бүрэн кабинетыг хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

 

Ингэснээр 2018 оноос хойш Сэлэнгэ аймгийн 6 сургуульд мэдээлэл харилцааны технологийн иж бүрэн кабинет байгуулахад 257.602 доллар буюу 870 сая гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

 

Дээрх танхимд 200 гаруй багш, 5000 гаруй сурагч хичээллэн, мэдээлэл харилцааны технологийг ашиглан мэдээлэл аван, цахим сургалт явуулж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэн суралцаж байгаа аж.

 

Энэ мэт Сэлэнгийн хүүхэд, залуус, багш нар БНСУ-ын Жэжү мужид очиж, харилцан туршлага судлах, хамтран ажиллах, дэлхийн хүүхэд, залуучуудтай дуу хоолойгоо нийлүүлэн суралцаж байна. 

Холбоотой мэдээ