СЭЛЭНГЭ: Нэгдсэн эмнэлэгт хүүхэд хуурайлах өрөөг хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-09 17:58:18

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Мобикомын Сэлэнгэ салбарын хамт олноос аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Хүүхэд хуурайлах өрөө”-г тохижуулан өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэхүү үйлс нь тус хамт олны сэтгэл шингэсэн, Мобикомын Сэлэнгэ салбар байгуулагдсаны 25 жилийн ойн бэлэг болгож, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж байгаа томоохон ажлуудын нэг юм.

 

Тус салбарын захирал Э.Баяржавхлантай ярилцлаа.

 -Юуны өмнө танд болон танай хамт олонд бяцхан иргэдэдээ зориулж өрөө тохижуулж өгсөнд талархал илэрхийлье. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

 

-Баярлалаа. Бид Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Хүүхэд хуурайлах өрөө”-г тохижуулан хүлээлгэж өглөө. Энэ өрөө маань аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж байгаа бяцхан үрс болон ээжүүдийн тав тухыг хангаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг аятай тухтайгаар авахад тус дэм болно гэж манай хамт олон сэтгэлээ шингээн, өөрсдийн гараараа бүтээж өгсөн өрөө боллоо.

 

-Ерөнхийдөө Сэлэнгэ аймгийн аль ч байгууллагуудын дэргэд нярай хүүхдэд зориулсан өрөө байдаггүй санагдана. Энэ маш том үйл болжээ?

-Нийгмийн хариуцлагын хүрээнд 100 хувь өөрийн хөрөнгөөр боловч өнгөрсөн 9 дүгээр сард бид 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан нээлттэй сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон багуудын оролцоо бас бий. Ингээд нийтдээ 5.5 сая төгрөгөөр бид энэхүү өрөөг тохижууллаа.

 

Манай төв удирдлагаас орон нутагт хийж байгаа сайн үйлсийн ажлаа өөрсдөө шийдээд хийж болно гэсний дагуу манай хамт олон ярилцаад эх, хүүхдэд зориулсан өрөө манай аймагт байдаггүй. Иймээс 17 сум, 6 тосгоноос ирж байгаа иргэд хүүхдээ хуурайлах, живх солих өрөөтэй болгоё гэж шийдсэн.

 

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүгээс бидэнд ХААН банкны АТМ байсан жижиг өрөөгөө суллаж өгсөн. Түүнийг бид хүүхэд хуурайлах өрөө болгон тохижуулж өглөө. Хүүхдэд зориулсан үйлс болохоор их гоё, амархан бүтсэн.

 

Бидний энэ хийсэн ажилд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон маш их баярлаж байгаагаа хэлсэн. Хол, ойроос хүүхдээ үзүүлэхээр, үйлчилгээ авахаар ирсэн хүмүүс хүүхдээ хуурайлах, живхийг нь солих өрөө байдаггүйгээс хүүхдийн эмчээс өрөөнд нь орохыг гуйдаг гэж ахмад эмч Халтар гуай хэлж байсан. Одоо эмчээс гуйлтгүй, сайхан өрөөтэй боллоо гээд баярласнаа илэрхийлсэн.

 

 


-Энэ онд танай салбарын 25 жилийн ой тохиож байгаа юм байна. Ер нь ойн хүрээнд гэлтгүй, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өмнө нь Сэлэнгэ аймагт хийсэн ажил юу байна?

-Манай салбарын хувьд өнгөрсөн жил Сэлэнгэ аймаг дахь МСҮТ-ийн оёдлын кабинетад Япон улсад үйлдвэрлэсэн Juki брэндийн 10 ширхэг, нийтдээ 44 сая төгрөгийн өртөгтэй олон үйлдэлт оёдлын машиныг суурилуулан өгсөн. Суурилуулахын өмнө Япон улсын Juki корпорациас тусгайлан  инженер ирүүлж, МСҮТ-ийн багш, сурагчдад оёдлын машины ашиглалт, засвар үйлчилгээний талаар 3 хоногийн сургалтыг зохион байгуулсан байгаа.  

 

Мөн 2022 оны Үндэсний их баяр наадмын хурдан морьдын бай шагнал болох 22 сая төгрөгийг бид аймагтаа хандивласан. Түүнчлэн аймгийн төв “Партизан”-ы талбайд иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэхэд зориулж 15 ширхэг сандал байршуулсан.

 

Өнгөрсөн зун ойн хүрээнд Нээлттэй сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, 25 баг оролцсон. Мөн аймгийн БТСГ, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, нөөтбүүк хандивлах зэрэг ажлыг төлөвлөөд, нийгэмдээ зориулсан бүтээлч ажлуудыг хийж байна.

 

-Энэ өрөөнөөс гадна танай байгууллагаас хүүхэд рүү чиглэсэн, тэдний сайн сайхны төлөө олон ажлуудыг зориулан хийсэн гэж сонссон. Тодруулахгүй юу?

-Энэ жил Нутгийн удирдлагын байгууллага үүссэний 30 жилийн ой болж байгаа. Үүнийг тохиолдуулан Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Г.Амарбаясгалангийн ивээл дор “Орхоны давлагаа” ТББ-тай хамтран “Өсвөрийн парламент-2022” үйл ажиллагааг хамтран явуулсан.  

 

Энэхүү үйл ажиллагааг орон нутгийн шийдвэр гаргах түвшинд хүүхдийн оролцоог хангах, тэдний санал хүсэлтийг тусгах зорилгоор зохион байгуулсан.

 

-Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үүрэн холбоонуудын хамгийн олон хэрэглэгчтэй, сум болгонд сүлжээ нь нэвтэрсэн гэдгээрээ мобиком давуу байдаг. 5 жи сүлжээ хэзээ орох гэж байна. Аймгийн бүх суманд 4 жи сүлжээ нэвтэрч чадсан уу?

-Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгонд 4 жи сүлжээ бүрэн нэвтэрсэн. Одоо тун удахгүй 5 жи сүлжээг оруулахаар ажиллаж байгаа. Мөн аймгийн хэрэглэгчид "Авто худаг" усны картаа Монпэй апп-аар дамжуулан цэнэглэх боломжтой болсон.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ