СЭЛЭНГЭ: 900 гр жинтэй дутуу төрсөн нярай эсэн мэнд бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-12 10:24:43

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын эрүүл мэндийн төвийн Төрөх тасагт энэ оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 26-27 долоо хоногтой жирэмсэн эх хугацаанаасаа өмнө амаржиж 900 гр жинтэй хүүхэд төрүүлжээ.

 

1500 граммаас бага жинтэй төрсөн нярайд эрүүл мэндийн маш олон хүндрэл бий болох эрсдэлтэйгээс гадна тархины цус харвах эрсдэл 60-70 хувь байдаг аж. Иймд 7-14 хоног эмчилсний дараа дараагийн шатлалын эмнэлэгт тээвэрлэхийг зөвшөөрдөг байна.

 

Сайхан сумын эмнэлэг нь нярайн нарийн мэргэжлийн эмчгүй тул аймгийн хэмжээнд одоо ажиллаж байгаа таван нярайн эмчийн нэг болох Хэрх тосгоны Эрүүл мэндийн төвийн нярайн эмчийг тус эмнэлэгт 7 хоног томилж, эмнэлэгтээ байрлуулан шуурхай арга хэмжээ авчээ.

 

Үүний үр дүнд эрчимт эмчилгээний нарийн үзүүлэлт болох амьдралын тун зөв таарч улмаар дараагийн шатлал болох Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д амжилттай шилжүүлжээ. 

 

Эх, нярайг сумын эмнэлэгт байх хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэхэд Эрүүл мэндийн яам, ЭХЭМҮТ-ийн нярайн зөвлөх эмч нар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярайн эмч болон гардан ажилласан Хэрх тосгоны ЭМТ-ийн нярайн нарийн мэргэжлийн эмч Г.Ренцэнлхам, Сайхан сумын эрүүл мэндийн төвийн Н.Мөнхтунгалаг даргатай эмнэлгийн хамт олон мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажилласан байна.

Холбоотой мэдээ