ӨВӨРХАНГАЙ: Сумдын эмнэлэг шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-14 18:15:13

Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Гучин-Ус, Сант суманд Эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа.


Гучин-Ус сумын эмнэлэг нь 1953 оны хуучин барилгатай, 2006 онд амбулаторийн өргөтгөл барьсан ч хэвтүүлэн эмчлэх хэсгээ шинэчлэхгүй бол ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргаад байсан юм.


Иймд Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгаснаар 600 м.кв талбай бүхий 15 ортой шинэ барилгыг “Дуутын нуруу” ХХК зургаан сарын хугацаанд барьж, хүлээлгэн өглөө. Ингэснээр сумын 2100 гаруй иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг стандартын шаардлага хангасан орчин нөхцөлд авах боломж бүрдэж байна.



Мөн Сант сумын 1962 онд ашиглалтад орсон эмнэлгийн хуучин барилгыг халж, улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 15 ортой шинэ эмнэлгийг байгууллаа. Сант сум 3600 гаруй хүн амтай. Сумын ЭМТ-д жилд 600 орчим хүн хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг. Одоогоор нийт иргэдийнхээ 60 орчим хувийг эрт илрүүлэх оношилгоо, шинжилгээнд хамруулаад байгаа аж.


Шинэ эмнэлгийн барилгыг “Сод-Ээл” ХХК гүйцэтгэсэн бөгөөд ашиглалтад хүлээн авах үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс 23.5 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Холбоотой мэдээ