СЭЛЭНГЭ: Н.Лхагвадорж: 2023 онд 1800 гаруй иргэн Сэлэнгэ аймагт шилжин суурьшаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-15 10:48:54

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Хөдөөгийн сэргэлт" хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран “Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагааг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

 

Энэ сарын 16-ны өдөр "Сэлэнгэ аймгийн өнөөгийн байдал, Хөгжлийн чиг хандлага" нэгдсэн хуралдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна.

 

Энэ үйл ажиллагааны талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой цөөн хором хөөрөлдлөө.

 

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Хөдөөгийн сэргэлт" хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн удирдлагын багаас “Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагааг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгнө үү?

-Сэлэнгэ аймаг бол Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг. Бид "Нээлттэй Сэлэнгэ" үйл ажиллагааныхаа хүрээнд өнгөрсөн баасан гарагт төр, хувийн хэвшлийн уулзалтыг зохион байгууллаа. Энд Сэлэнгэ нутгаас төрөн гарсан бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид, Сэлэнгийн суугуул, уугуул иргэд оролцлоо. Мөн Хөдөлмөрийн баатрууд, алдар гавьяатууд оролцсон. Үүгээрээ бид тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа, аймгийнхаа хүмүүсийг уулзуулж, аймагт байгаа боломжоо танилцуулсан.

 

Энэ үйл ажиллагаанд аймгийн 17 сумын Засаг дарга нар, ИТХ-ын төлөөлөгчид, бизнес эрхлэгч нар хамтран оролцож байна.

 

Хамгийн гол нь Сэлэнгэ аймагт очоод хаана юу хийж болох, ямар суманд ямар үйл ажиллагаа эрхэлж болох талаар зөвшилцөх гэж ирсэн. Мөн эрдэмтэн, докторуудынхаа үгийг сонслоо. Монгол Улсын хүнсний хангамжийн голлох аймгийн хувьд баатар гавьяатууд маань ч ирсэн.

Сэлэнгэ аймгийн төв цаашдаа яаж хөгжих, бүсчилж хэрхэн хөгжүүлэх юм гэдэг талаар ярилцлаа.

 

-Хэрхэн яаж хөгжих боломж байна, гарц гаргалгаа юу байна?

-Аймагт Сүхбаатар, Мандал, /Хөтөл/ Сайхан гэсэн 10000-аас дээш хүн амтай сумд байна. Эд нарыгаа бүсчилж хөгжүүлье. Сайхан сум руу цемент шохой, барилгын материалын үйлдвэрлэлийг явуулъя. Яагаад гэвэл тэнд төмөр зам, авто зам, ажиллах хүчин байна. Дээр нь барилгын материалын түүхий эд нь тэнд байна. Иймээс барилын материалын үйлдвэрлэлийг Сайхан сум руу явуулъя гэж тооцож байна.

 

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум ОХУ-тай хиллэж байна. Тэнд Авто болоод төмөр замын олон улсын боомт байна. Энэ боомтоо түшиглээд хөгжих боломж байна.

 

-Аймгийн төвд дулааны цахилгаан станц барихаар болсон. Үүнийг хөгжлийн гол түлхүүр нь болно гэж та хэлж байсан. Энэ талаар?

-Өмнө нь аймгийн төвд хамгийн хүнд асуудал нь халаалтын систем байсан. Үүнээс үүдээд аймгийн төвд барилга байгууламж баригдахгүй хугацаа алдаж байсан. Бид ямар ч байсан 2024 оны 4 дүгээр сард 50мвт дулааны цахилгаан станц барихаар болсон. Үүнийг эхлүүлснээр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хотын хөгжилд маш сайн эерэг нөлөө үзүүлнэ.

Өнөөдрийн байдлаар 1000 айлын орон сууцны эхний ээлж, 75 айлын орон сууцны барилгын ажил эхэлсэн. Ирэх 12 дугаар сард ашиглалтад оруулна. Сэлэнгэ аймагт амьдрах орчин бүрдэж байна.

 

-Сэлэнгэ аймагт ирж амьдрах хүсэлтэй, манайд ирж амьдраарай гэж урьж байгаа хүмүүст таны зүгээс бахархах гол зүйл юу вэ?

-Нарсан ойн гайхамшиг манайд бий. Өнөөдөр хүчилтөрөгчийг хамгийн сайн ялгаруулдаг ой бол нарсан ой. Эрүүл амьдрах хүсэлтэй хүмүүс Сэлэнгэ аймагт очиход бүх зүйл нээлттэй байна.

 

Дээр нь урсгал усны гайхамшиг манай аймагт байна. Сэлэнгэ мөрөн, Орхон гол, Ерөө, Хараа гээд том том гол манайд бий. Эдгээр том гол мөрнүүдийг дагасан ажил үйлчилгээ хийхэд боломжтой. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж маш их байна. Сайханы хөтөл, Тужийн нарс гээд. Өнгөрсөн зуны байдлаар 150 мянга орчим хүн Сэлэнгэ аймагт аялсан байна.

 

-Монгол Улсын Засгийн газраас Сэлэнгэ аймагт 21 мянган иргэн төвлөрүүлэх үүрэг өгсөн. Өнгөрсөн хугацаанд хэчнээн иргэн шилжин суурьшсан бэ?

-Засгийн газраас Сэлэнгэ аймагт 21 мянган иргэн төвлөрүүлэх үүрэг өгсөн. 2023 онд 1800 гаруй иргэн Сэлэнгэ аймагт шилжин суурьшаад байна.

-Танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ