СЭЛЭНГЭ: Орон нутгийнхаа хөгжлийг хурдасгах хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-16 16:47:40

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Алсын хараа 2050", “Хөдөөгийн сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймаг “Нээлттэй Сэлэнгэ” цуврал үйл ажиллагааг нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

 

Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр “Сэлэнгийн ирээдүй тогтвортой ногоон хөгжил” нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын “Милленниум плаза”-д үргэлжилж байна.

 

Сэлэнгэ аймаг нь хөдөө аж ахуйн салбар тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйг газар тариалангийн салбартай хоршин хөгжүүлж, хөрсөө хамгаалах, байгальд ээлтэй ногоон технологийг бий болгох.

 

Мөн эко бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, ложистик сүлжээ бий болгож, орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэх замаар аймаг, орон нутгийнхаа хөгжлийг хурдасгах чиг хандлагыг тодорхойлон ажиллаж байгаа юм.

 

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 1800 гаруй иргэн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 49.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Энэхүү “Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагааны гол зорилго бол Сэлэнгэ сайхан нутагт ирж, эрүүл эко орчинд амьдрах, ирээдүйд өөрийнхөө болон өрх, гэр бүлээрээ үйлдвэр, үйлчилгээ эрхэлж санхүүгээ дээшлүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

 

Сэлэнгэ аймагт зам, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, Улаанбаатар, Дархан-Уул, хөрш орнуудтай авто зам, төмөр замаар холбогдсон, тээвэр логистик, хилийн худалдаа, ногоон эдийн засаг, аялал жуулчлал, хүнсний ногоо, хүнсний үйлдвэр хөгжүүлэх боломж их юм.

Холбоотой мэдээ