ӨВӨРХАНГАЙ: Хүнс үйлдвэрлэгчид энэ онд 11.4 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-18 12:02:34

Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймагт хүнсний үйлдвэрлэлийн салбар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг дангаараа үйлдвэрлэж байна.


Аймгийн хэмжээнд хүнсний боловсруулах үйлдвэрлэлээр 123, хүнсний худалдаагаар 513, нийтийн хоол үйлдвэрлэлээр 270 гаруй иргэн, аж ахуй нэгж үйл ажиллагаа эрхэлж, 5000 орчим хүнийг ажлын байраар хангадаг.


Хүнс үйлдвэрлэгчид орон нутгийн хүн амын хэрэгцээт мах, сүүг 100 хувь, төмсийг 97.1, хүнсний ногоог 30.2, талх нарийн боов, гурилан бүтээгдэхүүнийг 14.9 хувиар тус тус хангаж байгаа ба 2023 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 12.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 11.4 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллаж байна.


Аймгийн ЗДТГ, ХХААГ, “Хөгжлийн шийдэл” ТББ-аас хэрэгжүүлж буй “Best” хөтөлбөр хамтран өнөөдөр зохион байгуулсан Хүнсчдийн зөвлөгөөнөөр дээрх мэдээллийг өглөө. Зөвлөгөөнд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл, сумдын ЗДТГ-ын дарга нар, ХАА-н мэргэжилтнүүд хамрагдаж, хүнсний салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, анхаарах асуудлаар хэлэлцсэн юм.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймаг 2023 оныг “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Мөн аймгийн Засаг даргын 2022 оны А/607 дугаар захирамжаар Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах таван жилийн төлөвлөгөөг батласан.


Энэ хүрээнд аймгийн хүнсний үйлдвэр, үйлчилгээний салбарт нийт 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж, орон нутгийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор 24 удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.


Аймгийн хэмжээнд хүнсний жижиг үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд багагүй анхаарч байгаа боловч хүсэн хүлээсэн үр дүнд хүрээгүй, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт орон нутагт хангалтгүй, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо сайнгүй, төр, хувийн хэвшил, ТББ, мэргэжлийн холбоодын нягт хамтын ажиллагаа чухал байгааг аймгийн удирдлагууд хэлсэн үгэндээ онцоллоо.



Цаашид орон нутагтаа төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх, усалгаатай тариалан эрхлэх, төв суурин газрын ойролцоо фермерийн аж ахуй хөгжүүлэх, цэвэр сортын үр үржүүлэх, орон нутагтаа гурил үйлдвэрлэх, боловсруулалтын жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх замаар дотоодын үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах бодлогыг тууштай баримтлан хэрэгжүүлэх ёстойг хэлж байсан юм.


Хүнсчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоолны хэлтсийн дарга О.Онон, ЖДҮГ-ын ахлах мэргэжилтэн Д.Мөнхзул нар цахимаар холбогдож, хүнсний хангамж, аюулгүй байдал, хүнсний салбарт төрөөс баримталж буй бодлого, хөнгөлөлттэй зээлийн боломжийн талаар мэдээлэл өглөө.





 

Холбоотой мэдээ