Дөрөв хоногт халтирч унаж бэртсэн 282 хүн тусламж авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-21 15:43:59

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Гэмтэл, согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт энэ сарын 17-ноос 20-ны хооронд буюу сүүлийн дөрөв хоногт зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 282 хүн тусламж үйлчилгээ авчээ. 


Үүнээс төв эмнэлэгт 251, салбар эмнэлэгт 31 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд амралтын өдрүүдээр халтирч унаж, бэртсэн иргэдийн тоо хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тухайлбал энэ сарын 17-нд 71, 18-нд 58 байсан бол, 19-нд 83, 20-нд буюу өчигдөр 70 хүн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэл гэмтэл авч, ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн байна.  


Мөн дээрх өдрүүдэд осголт, хөлдөлтийн шалтгаант найман тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ сарын 03-наас буюу цас орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 39 тохиолдол бүртгэгджээ.


Иймд иргэд та бүхэнд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-өөс зөвлөж байна.

Холбоотой мэдээ