СЭЛЭНГЭ: Д.Уранчимэг: Төрийн албаны шалгалтад 44 хувь нь тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-23 07:30:16

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-ний өдөр улс даяар зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалтыг Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгууллаа.

 

Энэ удаагийн шалгалтад нийт 116 иргэн бүртгүүлж, 84 иргэн шалгалтаа өгчээ. Эдгээрээс 37 иргэн буюу 44.0 хувь нь тэнцсэн байна.

 

Төрийн албаны ерөнхий шалгалт амжилттай явагдаж өндөрлөлөө. Шалгалтын ажиглагчаар Сэлэнгэ аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Д.Уранчимэг оролцлоо.

 

Тэрээр "Энэ шалгалтыг өгөх гэж байгаа бол өөрийгөө маш сайн дайчилж, сайн бэлдэж оролцох хэрэгтэй. Зарим хүмүүс маш сайн бэлдсэн нь ажиглагдаж байхад зарим нь огт бэлтгэл муутай байх жишээтэй.

 

Энэ жилийн хувьд дүгнэж хэлэхэд маш олон хүн оролцож байна. Төрийн албаны ажилтан бэлтгэх энэ шалгалт маш өргөн хүрээтэй болсон байна. Аймгийн зүгээс маш сайн зохион байгуулж байна. Мөн оролцогчдын мэдлэг, чадвар их өргөн болсон байна. Өөрийгөө сайн хөгжүүлж, яг орно гэсэн зорилготойгоор ирж оролцож байх нь зүгээр юм уу гэж олон жилийн ажиглагч хийсэн байдлаас дүгнэж хэлье” гэв.

 

Төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн зарим иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

 

-Алтанбулаг сумын иргэн Б.Отгонсувд “Шалгалтын асуултыг цээжлэх биш, агуулгыг нь өөртөө маш сайн ойлгомжтойгоор уншиж бэлдэх хэрэгтэй. Мөн Төрийн албаны И-ТАЗ аппликейшн маш сайн туслах болж чадсан. Энэ байхад шалгалтадаа тэнцлээ л гэсэн үг. Мөн аппликейшн их хялбар байлаа. Хуулийн асуулт бага байсан болохоор их амар байсан” гэлээ.

 

-Мөн Шаамар сумын иргэн З.Дэлгэрмаа “Би анх удаа төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна. Тэнцсэндээ сэтгэл маш өндөр байна. Шалгалтын зохион байгуулалт маш сайн байлаа. Би аппликейшн болон номыхоо агуулгын хүрээнд бэлдсэн. Шалгалтын асуултууд яг л тэр номоос ирж байна. Иймээс номоо сайн уншаад, өөрсдөө сайн бэлдэх юм бол тэнцэх боломжтой юм байна. Ер нь их хөдөлмөрлөөрэй гэж хэлмээр байна” гэв.

 

Холбоотой мэдээ