АРХАНГАЙ: "Даарах завгүй Winterland" уриатайгаар өвлийн 10 гаруй спорт, урлагийн тоглолт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-11-29 11:14:06

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2024 онд зуун мянган жуулчин хүлээн авахаар зорьж байна. Иймд нутгийн онцлогт тулгуурлан дөрвөн улирлын турш зохион байгуулах эвентүүдийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон Мэргэжлийн аялал жуулчлалын холбооны төлөөлөлд танилцуулжээ.  

Архангай аймаг 2024 оны нэгдүгээр сараас эхлэн "Даарах завгүй Winterland" уриан дор өвлийн эвентийг зохион байгуулах ба үүнд "Дарвуулт чарганы спорт клубийн нээлт", "Хангайн Хасар", "Жороо морины тааварт уралдаан", "Өвлийн гоёл", "Мөсөн ханаар авирах", "Сарлагийн баяр" зэрэг 10 гаруй спорт, урлагийн тоглолтыг хийхээр төлөвлөж байна.


Мөн өвлийн аялал жуулчлалыг дэмжиж Монголын анхны "Өвсөн стадион" барих бөгөөд өвлийн улиралд халдаг эко ариун цэврийн байгууламжийг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.




БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Монголд зочлох" жилийн хүрээнд аймаг орон нутаг энэ мэт санаачилга гаргаж, аялал жуулчлалын салбараас ирэх эдийн засгийн үр өгөөжийг хүртэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд манлайлал үзүүлж буй нь сайшаалтай байгааг онцлов. Орон нутагт зохион байгуулж буй аялал жуулчлалын үйл ажиллагааг БОАЖЯ-наас дэмжиж, салбарын уялдаа холбоог нэгтгэхэд анхаарч ажиллана гэв.


Уулзалтад Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Гүйцэтгэх захирал М.Нарангэрэл, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Архангай аймгийн Аялал жуулчлалын холбооны дарга Д.Дашцэрэн, "Нэг жуулчин-Нэг ямаа" төслийн удирдагч П.Чимэдням болон албаны хүмүүс оролцжээ.

Холбоотой мэдээ