СЭЛЭНГЭ: Б.Лакшми: Сэлэнгэ аймагт засаглалын үр ашгийн үзүүлэлт сайжирсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-30 15:20:41

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. “Сэлэнгэ аймгийн өрсөлдөх чадвар, давуу талууд” илтгэлийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дарга Б.Лакшми “Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагааны үеэр тавьсан юм.

 

Сэлэнгэ аймгийн Удирдлагын багаас “Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагааг энэ сарын 17-18-ны өдөр нийслэл хотноо зохион байгуулах үеэр дээрх илтгэлийг тавьсан юм.

 

Дээрх илтгэлд дурдсан судалгааны үр дүн Сэлэнгэ аймагт ямар байгаа талаар тус төвийн дарга Б.Лакшмигаас тодрууллаа.

 

-Таны тавьсан “Сэлэнгэ аймгийн өрсөлдөх чадвар, давуу талууд” илтгэлд Сэлэнгэ аймаг зарим үзүүлэлтээр сайн байгаа хэдий ч буурсан үзүүлэлт бас ажиглагдлаа. Энэ судалгааныхаа талаар тодруулна уу?

 

-Манай судалгааны төв 2010 онд байгуулагдсан. 2012 оноос аймгуудын өрсөлдөх чадварын тайланг хийж эхэлсэн. Судалгаанаас харахад Сэлэнгэ аймаг Монгол Улсын топ 10 аймгийн тоонд орсон хэвээр байсан.

Гэтэл сүүлийн хоёр жилийн тайлангаас харахад эдийн засгийн тамир тэнхээгээр 30 оноо буурсан үзүүлэлтэй байна. Харин засаглалын үр ашгийн үзүүлэлт нь сайжирсан харагдаж байгаа.

Мөн өрсөлдөх чадварын төлөв эрэмбээр 21 аймагтай харьцуулж үзэхэд эдийн засаг нь зургаадугаарт, эдийн засгийн салбарууд нь гуравдугаарт, хүн амын амьжиргааны түвшин наймдугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна.

Харин хөдөлмөр эрхлэлт доогуур буюу 20 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Мөн нийгмийн тогтолцоо менежментийн хэвшил мөн буурч 12 дугаарт эрэмбэлэгдсэн.

 

-Тэгэхээр танай байгууллагаас хийсэн энэ судалгаанаас Сэлэнгэ аймгийн давуу болоод сул тал хэрхэн ажиглагдав?

-Сэлэнгэ аймгийг эдийн засгийн тамир тэнхээгээр аваад үзвэл хөдөлмөр эрхлэлт дээр сул тал ажиглагдсан. Энэ нь ажилгүйдлийн түвшин, ажиллах хүчний оролцоо сул байдлаар эрэмбэлэгдсэн нь харагдсан.

Харин давуу тал нь эдийн засгийн багтаамж нь сайн гэж гарсан. Ялангуяа газар тариалангийн салбарын үйлдвэрлэл нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт давуу талтай гэж гарч байгаа.

Мөн засаглалын үзүүлэлтүүдээс үзэхэд сул тал нь бизнесийн эрх зүй, ялангуяа тендэрийн асуудал гарсан. Харин нийгмийн тогтолцоо бүлгээр авч үзвэл шилжих хөдөлгөөн, гэмт хэрэг жендэрийн тэгш бус байдал гэсэн гурван үзүүлэлт сул байсан. Давуу тал нь хүнд суртал, авлигал буурсан гэсэн үзүүлэлт байна.  

 

-Судалгаанаас харахад цаашид анхаарах асуудал юу байв?

-Бизнесийн орчны хувьд сул тал нь зах зээлийн багтаамж, төр хувийн түншлэлийг цааш нь хөгжүүлэх шаардлагатай байна. Харин давуу тал нь бизнес эрхлэлтийн хувьд хувийн хэвшлийн тоо, хөдөлмөрийн бүтээмж гэсэн үзүүлэлт гарсан байгаа.

-Танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ