ӨВӨРХАНГАЙ: В.Пансан: Сүүлийн үед тэмээний уналгаа, эдэлгээ ховордоод их хангалшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-01 22:00:58

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Тэмээний баяр”-ын үеэр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын дөрөвдүгээр багийн малчин, “Алтан ботгоны эзэн”, аймгийн сайн малчин В.Пансантай цөөн хором ярилцлаа.


Тэрбээр уугуул нутаг Богд сум боловч Гучин-Ус сумын “Монголын хоолой”-д нутагшин хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Их, бага Монгол уул, Арц Богдыг холбосон их хөндийг “Монголын хоолой гэдэг. Зуны цагт ус цэлэлзэж, өвлийн улиралд цас хунгарлаж, хүн малыг амны усаар үл тасалж байдаг, заг, дэрс, харгана бударганатай тал хээр нутаг бол тэмээн сүргийн өлгий юм.




В.Пансан гуай 1990 онд мал хувьд шилжихэд 17 тэмээ нэгдлээс авч, 30 гаруй жил маллан 500 тоо толгойд хүргэжээ. Сүүлийн таван жилийн турш тогтвортой барьсан тэмээний тоог энэ жил бууруулж 380 болгосон байна. “Тэмээгээ өсгөе гэвэл мянга хүргэсэн ч болно. Гэвч бусад айл хөршүүдэдээ төвөгтэй байдаг учраас унд ус, бэлчээрийн даацдаа тааруулж, тэмээгээ цөөлье гэж бодсон” хэмээн хэллээ.


“Энэ жил цаг сайхан, зундаа газрын гарц сайтай, өвөлдөө малын амны цастай, дулаахан байна. Өмнөговийн Сэврэй, Булган, Баянхонгорын Гурвантэс сумаас гурван мянгаад тэмээ манай нутагт оторлож ирсэн. Одоо мянгаад нь өвөлжиж байна” гэж хуучилсан юм. 


“Тэмээн сүргийнх нь 120 нь ингэ бөгөөд хоёр буур ээлжээр тавьдаг байна. Зуны цагт даацтайхан тарга тэвээрэг авсан тэмээ өвөл цагийн хатууг даван туулах чадвартай байдаг. Хот хороонд хашихгүй ч чоно, нохой хүрнэ гэж байхгүй. Хонь, ямааг хотон дотроос нь ч хөөгөөд явчихаж мэдэх бол тэмээг тэгж чадахгүй. Их л аюул боллоо гэхэд нэг тэмээнд л хүрсэн байдаг. Тэгээд тэмээний ноос, сүү бол гайхамшиг юм. Малчин бидний амьдралыг өөд татсан эд дээ. Бог мал газрын хөрсийг хөөрүүлж, шороо тоосыг их босгодог бол тэмээ хавтгай ултай учраас газрын хөрсөнд ээлтэй” гэж В.Пансан гуай тэмээгээ магтлаа.


Тэмээ гэдэг урт хөлийн амьтан. Богино хугацаанд нутаг алгасан бэлчээрлэх тэмээн сүргийг байнгын хараа хяналтад байлгахгүй л бол алдах аюултай. Тиймээс залуу малчдад тэмээ маллах арга барил, туршлагаасаа харамгүй хуваалцаж, зөвлөгөө өгдөг гэнэ. “Сүүлийн үед тэмээний уналгаа, эдэлгээ ховордоод их хангалшиж байна. Цөөхөн хэдэн саадаг ингэ, уядаг, уралдуулдаг, хонинд унадаг хэдхэн тэмээ л номхон байна. Гурван зуугаад тэмээнээс арав, хориодхоныг л уналгад сургасан байдаг. Аль болох техникээс татгалзаад тэмээгээ сайн уна, номхруул, хайрлаж хамгаал. Тэмээг зөөлөн оролдож байж зөөлрүүлдэг” гэж аварга малчин маань хэлж байв. 


Тэрбээр 2015 онд  61 ботго тоолуулан “Алтан ботгоны эзэн”-ээр тодорсон бол 2022 онд 523 толгой тэмээ тоолуулан аймагтаа тэргүүлсэн, энэ жил тэмээний тоо цөөрөн сумандаа тэргүүлсэн ч тоонд биш чанарт анхаарч, бэлчээр усаа бодолцож яваа нь чухал юм.


В.Пансан гуай бас аймгийн “Шилдэг өвлөн уламжлагч” ерөөлч, магтаалч хүн. Ээж Т.Ренчинхоролоос өвлөн авсан энэ авьяасаараа Биет бус өвийн II их наадмаар улсад тэргүүлж, алтан медаль хүртсэн. Түүний урын санд Монголын өв уламжлал, таван хошуу мал сүрэг, малчин ардад зориулсан олон ерөөл магтаал байдаг.

Говь нутгийн нэрийн хуудас болсон тэмээн сүргийг өсгөх, үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, тэмээчдийн залгамж халааг бэлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа аварга тэмээчний тухай цөөнийг өгүүлэхэд ийм ажгуу.

 

Холбоотой мэдээ