СЭЛЭНГЭ: Б.Даваасүрэн сонгодог пауэрлифтингийн аваргын алтан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-05 09:36:52

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Даваасүрэн алтан медаль хүртжээ.  


Тэрбээр мастер-1 ангиллын -93 кг-ын жинд үндсэн таталтаар алтан медалийн эзэн болсон байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг анх удаа зохион байгуулсан байна.

 

Энэхүү анхдугаар тэмцээнд 15 байгууллагын 250 гаруй тамирчин, насанд хүрэгчдийн, мастер 1, мастер 2, эмэгтэйчүүдийн ангиллын нийт 19 жинд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулжээ.

 

Энэ сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын Спортын ордонд болсон энэхүү тэмцээнийг Ерөнхийлөгчийн тамгын газар болон Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулжээ.

 

Холбоотой мэдээ