ДАРХАН-УУЛ: Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого пүрэв гарагт эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-05 14:47:49

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Энэ оны мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого пүрэв гараг буюу энэ сарын 7-ны өдөр эхэлнэ. Арван өдөр үргэлжлэх жилийн эцсийн тооллоготой холбогдуулан аймгийн Статистикийн хэлтсээс сум багуудын дарга, нийгмийн ажилтнуудын дунд хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгууллаа.




Уг сургалтаар мал тооллого хийхэд ямар бүтцээр ажиллах, голлон анхаарах зүйл, хэрхэн тоолох, хүндрэл үүсгэдэг асуудлуудад зөвлөгөө мэдээллийг өглөө.


Мал тооллого нь хөдөөгийн өрхийн аж байдал, малчдын мэдээлэл, хөдөлмөр эрхлэлтийг тооцохын зэрэгцээ малчин өрхийн хөрөнгийн бүртгэлийн гол эх үүсвэр болдгоороо онцлогтой аж.




Зөвхөн мал, гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойн өсөлт, бууралтыг харуулах төдийгүй сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг тодорхойлж судлах, малын бэлчээр, хадлан, тэжээлийн хүрэлцээ хангамжийг шинжлэх бололцоог олгодог гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.




Ташрамд, Дархан-Уул аймаг өнгөрсөн оны мал тооллогоор 313.2 мянган толгой мал, 3700 гахай, 32500 тахиа, 3200 бүл зөгий, 115 цацагт хяруул, 286 галуу, 24 туулай тэжээвэр амьтад тоолуулжээ.


2023 оны арванхоёрдугаар сарын 7-17-ны өдөр үргэлжлэх мал, тэжээвэр амьтдын тооллогод идэвхтэй хамрагдахыг Статистикийн хэлтсээс уриалав.

Холбоотой мэдээ