СЭЛЭНГЭ: Аймгийн тэргүүн дээд шагналыг 4 иргэнд гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-06 20:17:52

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн тэргүүн дээд шагнал Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдгээр Г.Тунгалаг, Ө.Чимэддорж, Г.Бямбаа, Ц.Нямдорж нарыг шагналаа.

 

Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярыг Сэлэнгэ аймагт өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

30 жилийн түүхийн хугацаанд нутгийн удирдлагын байгууллагад хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж явсан эдгээр эрхмүүдийн шагналыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар гардуулан өглөө.

 

Сэлэнгэ аймгийн Хүндэт иргэн цол тэмдгээр Монгол Улсын Хүний гавьяат эмч Гомбожавын Тунгалагийг өргөмжлөн шагналаа. Тэрбээр Хүүхдийн их эмч мэргэжилтэй. 1979-1989 онд Түшиг сумын Хүн эмнэлгийн эрхлэгч, 1980-1983 онд Сант, Зүүнбүрэн сумын хүн эмнэлгийн эрхлэгч, 1984-2020 онд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч, 2020 оноос Тана хүүхдийн эмнэлгийн эмчээр ажиллаж байгаа юм. Мөн түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж ойн медалиуд, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнасан байна. Г.Тунгалаг нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ.

 

Мөн дээрх хүндэт шагналаар Монгол Улсын ХАА-н гавьяат механикжуулагч Өлзийбадрахын Чимэддоржийг шагналаа.

 

Тэрбээр инженер, эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлагын менежер. 1978-1983 онд Найрамдал сангийн аж ахуйд трактор комбайнчаар ажлын гараагаа эхэлж бригадын дарга, инженерээр ажиллаж байгаад 1990-1992 онд Найрамдал компанийн инженер, 1992-1998 онд захирал, 1998 оноос Атартрейд компанийн захирлаар ажиллаж байна.

 

Чимэддорж гуай 1992 оноос эхлэн аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр тасралтгүй 8 бүрэн эрхийн хугацаанд сонгогджээ. Түүний хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж Атарчдын алдар медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат механикжуулагч цолоор шагнасан байна.

 

Сэлэнгэ аймгийн Хүндэт иргэн цол тэмдгээр аймгийн ИТХ-ын дарга асан Гаршаавын Бямбааг шагналаа. Г.Бямбаа нь Улс төр судлаач, эдийн засагч мэргэжилтэй. 1981-1983 онд Сэлэнгэ аймгийн бөөний бараа баазад нярав, 1984-1988 онд Худалдаа бэлтгэлийн трестэд орлогч дарга, 1993-2016 онд Халиун-Уул компанийн захирал, 2016-2020 онд аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажилласан байна.

 

Г.Бямбаа нь 3 бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллажээ. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж Ардын хувьсгалын ойн медалиуд, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.

 

Сэлэнгэ аймгийн Хүндэт иргэн цол тэмдгээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Цэвэгжавын Нямдоржийг шагналаа.

 

Ц.Нямдорж нь Хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй. 1977-1991 онд Бургалтайн Сангийн аж ахуйд тоо бүртгэгчээр ажлын гараагаа эхэлж бригадын дарга, цогцолборын даргаар ажиллаж байжээ.

 

Улмаар 1992 оноос “Өрнөлт Сэлэнгэ” компанийн захирал, 1996-1998, 2003-2004, 2008-2012, 2016-2023 онд сумын ИТХ-ын даргаар 14 жил ажиллажээ.

 

Нямдорж гуай 8 бүрэн эрхийн хугацаанд тасралтгүй аймаг, сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм.

 

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж ойн медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.

 

Холбоотой мэдээ