СЭЛЭНГЭ: Хурлууд бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой асуудлуудад анхаарал хандуулж иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-07 13:08:01

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-аас өнгөрсөн түүхийн 30 жилийн хугацаанд аймгийн эдийн засаг, нийгмийн бүх салбар хүрээг хамарсан 4 мянга орчим асуудал хэлэлцэж, 3653 тогтоол шийдвэр гарган хэрэгжүүлсэн байна.

 

Түүхийн хугацаанд сонгуулийн үр дүнгээр байгуулж байсан тухайн цаг үеийн Хурлууд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нийтлэг чиг үүргүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ өөр өөрийн өнгө төрх, арга барилаар ажиллаж, тодорхой асуудлуудад анхаарал хандуулан ажиллаж иржээ. Тодруулбал:

 

-1992-1996 оны бүрэн эрхийн хугацаанд сонгодон ажилласан анхны Хурал нь шинэ тутам батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг амьдрал дээр анхлан хэрэгжүүлсэн аж.  

 

Улмаар Хүний эрх, эрх чөлөө хангах, зах зээлийн чөлөөт эдийн засгийн хөгжлийг дэмжих замаар эдийн засгийн уналтыг зогсоох, Засаг захиргааны нэгжүүдийг шинэчлэн зохион байгуулах, өмч хувьчлал зэрэг аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн ирээдүйн хөгжлийн суурь болсон бодлого чиглэлүүдэд анхаарчээ.

 

-1996-2000 оны бүрэн эрхийн хугацаанд сонгодон ажилласан Хурал орон нутгийн эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхыг дэмжин үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд түлхүү анхаарчээ.

 

Мөн Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах, түрээслэх журмуудыг батлан хэрэгжүүлж орон нутгийн өмчийн харилцааг нарийвчлан тодотгож, Сэлэнгэ аймагт Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр, Төв суурин газрын тохижилт, соёлжилтийг сайжруулах, Хот байгуулалтын талаар авах зарим арга хэмжээ зэрэг бодлогын чанартай шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлжээ.

 

-2000-2004 онд сонгогдон ажилласан Хурал Дулааны станц, халаалтын төвүүдийн талаар авах арга хэмжээний тухай, Ашигт малтмалын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай, Ойг нөхөн сэргээх ажлыг бүх нийтийн үйлс болгон зохион байгуулах тухай зэрэг бодлогын томоохон шийдвэрүүд гаргажээ.

 

Тухайлбал Ус, Бөөний худалдааны сүлжээ, Гадаад харилцааны нээлттэй байдал, Хүн амын эрүүл мэнд, Хүүхэд хамгаалал зэрэг хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлсэн байна. Энэ 4 жилд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, өр авлагыг барагдуулах, байгаль хамгаалах ажлыг эрчимжүүлэх чиглэлд түлхүү анхаарч үр дүнд хүрсэн байна.

 

-2004-2008 онд сонгогдон ажилласан ИТХ Сэлэнгэ аймгийн 2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр, Сумдыг бүсчлэн хөгжүүлэх бодлого, Өрхийн амьжиргааны чадавхыг сайжруулах, Өрхийн аж ахуйг хөгжүүлэх, Ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар бодлогын шийдвэрүүд гарган хэрэгжүүлжээ.

 

Энэ 4 жилийн онцлог нь өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд чиглэсэн шийдвэрүүд гарган хэрэгжүүлж, өрхийн аж ахуйг аймгийн брэнд ажил үйлчилгээ болгожээ.

 

-2008-2012 онд сонгогдон ажилласан Хурал нь Орон нутгийн өмчийн эрх мэдлийн талаарх зарим эрх мэдлийг сумдад шилжүүлэх, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгийн бүсүүдийн хөгжлийн хөтөлбөр, Ахуйн үйлчилгээ, Хоршооны хөгжил, Чацаргана зэрэг дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, Сэлэнгэ аймгийг Сүхбаатарын одонгоор шагнуулах санаачилга гарган тодорхойлж, төрийн эрхэм дээд шагналаар шагнуулсан нь энэ 4 жилийн гол онцлох үйл явдал байв.

 

-2012-2016 онд сонгогдон ажилласан Хурал нь Малчид тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журам, Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах журам, Хүнсний аюулгүй байдал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Ногоон Сэлэнгэ хөтөлбөр, Усан хангамж, ариутгах татуургыг хөгжүүлэх бодлого зэрэг хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн асуудлуудад түлхүү анхаарч ажиллажээ.

 

-2016-2020 онд сонгогдон ажилласан Хурал нь Сэлэнгэ аймгийн эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг болгох, Эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тухай тогтоол, Сүрьеэгүй Сэлэнгэ, Багш сурагч солилцоо, Манай гэр-миний гудамж хөтөлбөр зэрэг хүн амын эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж байна.

 

Энэ бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХурлаас уламжилсан санал дээд шатны байгууллагын шийдвэрт тусгалаа олж, Сэлэнгэ аймгийн 16 сумын 44 багийн нутаг дэвсгэр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Тариалангийн бүс нутгаар тогтоогдсон нь Газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарын цаашдын хөгжилд маш чухал дэмжлэг болжээ.

 

2020 оны сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдсан энэ удаагийн Хурал нь дэлхий даяар асар их гамшгийг учруулсан “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах, цаашдын тогтвортой өсөлтийг бий болгоход гол анхаарлаа хандуулсан байна.

 

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг орон нутагт хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого шийдвэрүүдийг гарган ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг түүчээлэн Тарьц нийлүүлэгч аймаг болоход бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

 

 

Холбоотой мэдээ