З.Гэрэлчимэг: Байгаль хамгаалагчийг эмэгтэй хүн хийж чадахгүй гэх үзлийг үгүйсгэж, өөрөөрөө үлгэрлэхийг хүсдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-12-07 16:26:31

Баруун-Урт, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Тус аймагт эмэгтэй байгаль хамгаалагч нэг үе цөөхөн байсан бол 2023 оны байдлаар ажиллаж байгаа 11 байгаль хамгаалагчийн долоо нь эмэгтэй байна. Эдний гурав нь л гэхэд энэ жил ажилдаа оржээ. Ингэж нэмэгдэж буйн шалтгаан нь эмэгтэй байгаль хамгаалагчид ажлаа зөв таниулж, үлгэр жишээ болсонтой холбоотой гэж салбарынхан нь тодорхойлж байна. Тэгвэл эдгээр үлгэр жишээ хүмүүсийн нэг Мөнххаан сумын байгаль хамгаалагч З.Гэрэлчимэгтэй ярилцлаа.


-Байгаль хамгаалагч мэргэжлээрээ хэчнээн жил ажиллаж байна. Энэ мэргэжилтэй холбогдсон түүхээр тань яриагаа эхлүүлье?

-Уншигчдадаа өдрийн мэнд хүргэе. Мөнххаан суманд байгаль хамгаалагчаар 10 дахь жилдээ ажиллаж байна. Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын унаган хүн. Миний үндсэн мэргэжил Газар зохион байгуулалтын инженер. Анх их сургуулиа төгсөөд нутагтаа ирэхэд миний мэргэжилийн орон тоо байгаагүй. Тэгээд сул байсан байгаль хамгаалагчийн орон тоон дээр орж байлаа. Ажилд орохдоо байгаль хамгаалагч гэж яг ямар ажил хийдгийг, ажлынхаа үндсэн чиг үүргээ юу ч мэдэхгүй орж байсан. Ердөө удалгүй л түймрийн дуудлага авч, дараа нь шууд хөдөө явж байж билээ. Ер нь манай мэргэжлийн нэг онцлог бол яваа маш ихтэй. Өөрөөр хэлбэл хөдөө явах ажил их гардаг. Надад итгэл хүлээлгээд ажилд авсан учир ямар ч байсан энэ ажлаа хийж сурахын төлөө хичээж явсаар нэг мэдсэн арван жил болж. Одоо бол энэ ажилдаа хайртай. Илүү их суралцаж, мэргэшихийн төлөө ажиллаж байна.


-Сүүлд эзэмшсэн мэргэжил тань юм байна шүү дээ. Байгаль хамгаалагч гэдэг эмэгтэй хүнд хүнддэх ажил биш үү?

-Эко ази дээд сургуулийг Хүрээлэн буй орчны хамгаалал чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн. Эмэгтэй хүнд хийж чадахгүй ажил гэж байхгүй шүү дээ. Өөрийгөө хөгжүүлээд, сурахын төлөө явахад бүх зүйлийг сурч мэдэж болдог. Нийгэмд байгаль хамгаалагчийн ажлыг эмэгтэй хүн хийж чадахгүй гэсэн зөрүүтэй ойлголтыг үгүйсгэж, өөрийн биеэр үлгэрлэн манлайлж явахыг хичээж явна.


-Шантрах үе гарч байв уу. Ийм үед ажилдаа хоргодох гол зүйл нь юу байдаг вэ?

-Би хэзээ ч хийж байгаа ажлаа мэдэхгүй, чадахгүй гэж шантарч үзээгүй. Мэдэхийн төлөө, мэргэшихийн төлөө хичээж ажиллаж явдаг.  Одоо ч би хамт олноосоо, салбарынхнаасаа суралцсаар л явна. Ер нь тэгээд хамгийн сайн сургалт бол яг практик дээр ажиллах л байдаг. Мэдээж одоо ч энэ ажилдаа хоргодож буй шалтгаан маань төрж өссөн эх орон газар нутгаа онгон дагшнаар нь үлдээж, хамгаалж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх гэсэн чинхүү хүсэл минь юм даа.


-Мэдээж ажлын ачааллын хувьд газар нутгийн онцлогоос хамаараад өөр өөр байдаг байх. Танай сумын хувьд ямар вэ?

-Бусад сумыг бодвол газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад авчихсан учир зөвшөөрөлгүй уул уурхайн газар олгох боломжгүй. Тусгай зөвшөөрөлтэй уул уурхайн зургаан аж ахуйн нэгж байдаг. Үүнээс тогтмол үйл ажиллагаа явуулдаг нэг аж ахуй нэгж байна. Зохих шаардлагаа тавиад, хамтраад ажиллаад ирэхээр элдэв зөрчил маргаан үүсдэггүй.


Мөнххаан сум засаг захиргааны таван нэгжтэй. 741508 га талбай газар нутагтай, 1520 өрх, 5093 хүн амтай. Малчин өрх 972, өрх мал бүхий 186 өрхтэй, 491743 мянган толгой малтай. Улаанбаатар хотоос 460 км, аймгийн төвөөс 105 км зайтай. Газар зүйн байршлын хувьд аймгийнхаа хоймор талд Хэнтий аймгийн Баянхутаг, Баян-Овоо, Галшар, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Уулбаян, Сүхбаатар, Түвшинширээ, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумтай хиллэдэг. Олон улсын авто зам дайран өнгөрдөг онцлогтой. Би яагаад энэ бүхнийг хэлж байна вэ гэхээр өөр өөр салбар мэт боловч бүгд миний ажилтай холбогддог. Байгаль хамгаалагч гэдэг орон нутгийнхаа бүх иргэнтэй ойр байж, хамтран ажиллах шаардлагатай. Яагаад гэвэл байгальтай, газар нутагтай холбогдохгүй зүйл гэж үгүй шүү дээ.

 

-Шаардлага гарвал ажлын цаг, амралтын өдрийг үл харгалзан ажилладаг байх?

-Тэгэлгүй яахав. Төрийн албан хаагч бидэнд ажлын тогтсон цаг гэж байдаг ч яг байгаль хамгаалагчид энэ бол нөлөөлөхгүй. Шаардлагатай тохиолдолд ажлын цаг, амралтын өдрийг харгалзахгүй ажиллана. Хаана, ямар нөхцөл байдал үүсэв тэнд шөнө оройн цагаар ч хамаагүй очих шаардлагатай байдаг.


-Тэгэхээр таны хань ажлыг нь сайн ойлгодог хүн байх?

-Тийм шүү. Ажил гэж явсаар ар гэр орхигдох тал байдаг. Гэхдээ мэдээж ажил амдралаа зохицуулаад өөртөө ч, гэрийнхэндээ ч ачаалал үүсгэхийг хүсдэггүй. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь хийгээд явахыг хичээдэг. Миний хань ажлыг маань маш сайн ойлгож, үргэлж надад тусалж, намайг дэмждэг. Шаардлагатай тохиолдолд миний ажлын хамтрагч болох үе ч бий. Шөнө оройн цагаар явах ажил гарвал надад хань болж, намайг хамгаалж явна. Заримдаа хөдөө жолооч минь болж ч явна. Өөрөө хөдөөний унаган хүн болохоор газар нутгаа, байгаль дэлхийгээ гэсэн сэтгэлтэй учир надад туслахдаа ч таатай байдаг юм шиг санагддаг.


-Одоо та үндсэн мэргэжлээрээ ажиллах боломж гарвал яах вэ?

-Нийгэм цаг үе, хууль дүрэм журам гээд бүгд хувьсан өөрчлөгдөж байна. Үндсэн мэргэжлээрээ ажиллана гэвэл миний үзэж, заалгасан олон зүйл өөрчлөгдсөн байх. Ер нь одоо бол үндсэн мэргэжлээрээ ажиллана гэж боддоггүй. Энэ ажилдаа дуртайн дээр хамт олондоо ч хэдийнэ дасаж.


-Байгаль хамгаалагчаар ажилласнаас хойш орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудаас танилцуулаач?

-Нэгдсэн авто зам дайран өнгөрдөг гэж дээр хэлсэн. Тэгэхээр яг сумынхаа төвийн зам дагуу ойжуулалт хийх, мод тарих шаардлагатайг олж харсан. Тиймээс сум орон нутаг үүнд бодлогоор анхаарч, дэмжиж ажиллаж байна. Засмал замын хоёр талд 4.4 га талбайд ойн зурвас байгуулж, одоогоор 2094 ширхэг мод тарьж ургуулаад байна. Мөн тарвага нутагшуулах ажлыг амжилттай хийж, тодорхой үр дүнгүүд гарч эхэлсэн. Сургуулиа түшиглэн байгаль хамгаалагч хүүхдүүдийн Эко клубийг байгуулж, тэд маань бусад суманд үлгэр жишээ болохуйц ажиллаж байна. Ер нь сүүлийн жилүүдэд манай суманд байгаль орчны чиглэлээр төрөөс барьж буй бодлогыг хэрэгжүүлж, хууль дүрмийнхээ дагуу шаардлага, хяналтаа тавьж ажилласны үр дүнд хууль бус ан агнуур болон зөвшөөрөлгүй уул уурхай эрхлэх гэх мэт асуудал эрс багассан.


-Мэдээж бүх зүйл дардан биш шүү дээ. Тулгамдаж байгаа асуудал, бодож санаснаа хийж хэрэгжүүлэхэд саад болж байгаа зүйл байна уу?

-БОАЖЯ, аймгийн БОГ-аас ажилд шаардлагатай зарим техник хэрэгслээр хангадаг л даа. Гэхдээ энэ нь хангалтгүй байдаг. Бид орон нутагтаа цагдаагийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийдэг. Гэсэн хэдий ч эмэгтэй хүний хувьд яг ийм эргүүл, хяналт шалгалт хийх үед өөрийгөө биеэ хамгаалах ямар ч техник хэрэгсэл байдаггүй. Өдөр тутмын ажилд шаардлагатай нормын хувцас хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж нэн тэргүүнд шаардлагатай байдаг. Манай байгаль хамгаалагч нар бүгд л адилхан улаан гараараа л өөрийгөө хамгаалж ажилладаг. Заримдаа хууль бус үйлдэл хийж байгаад баригдсан хүмүүс заналхийлэх, тавьсан шаардлага биелүүлэхгүй байх асуудлууд гардаг. Мэдээж эмэгтэй хүн л юм чинь айх үе байлгүй яахав.



Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотноо Байгаль хамгаалагч нарын II чуулга уулзалт болж, 1000 байгаль хамгаалагч чуулсан. Монгол орны өнцөг булан бүрд байгаа болон чуулганд оролцогч байгаль хамгаалагчдаа төлөөлж Төрийн ордны индэр дээрээс ганцхан эмэгтэй үг хэлсэн нь тус аймгийн Мөнххаан сумын байгаль хамгаалагч З.Гэрэлчимэг байлаа. Учир нь тэр өнгөрсөн оны шилдэг байгаль хамгаалагчдын нэгээр шалгарсан бөгөөд ганц эмэгтэй нь гэдгээрээ онцгой байсан юм.


эхдээ л та эрхэлсэн ажилдаа эзэн шиг эзэн байж, Монгол Улсын шилдэг байгаль хамгаалагчдын нэг болсон шүү дээ. Саяхан шагналаа авсан байсан. Танд баяр хүргэе. Маш олон гайхалтай хүмүүстэй эн тэнцүү өрсөлдөж шилдгүүдийн нэг болсон байсан?

-Баярлалаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит улсын хэмжээний “Шилдэг байгаль хамгаалагч” шалгаруулах ажил, мэргэжлийн уралдаанд шилдэг байгаль хамгаалагчаар шалгарсандаа мах их баяртай байна. Энэ бол миний илүү их хичээж ажиллах ёстойг сануулсан, байгаль дэлхийгээ илүү сайн хамгаалахыг үүрэг болгосон шагнал гэж би бодож байгаа. Тиймээс эргэж буцалтгүйгээр энэ ажлаа илүү сайн хийх болно.


-Энэ бол таныг дэмжиж тусалдаг олон хүний хамтын шагнал байх тийм үү?

-Үнэхээр тийм шүү. Дуртай ажлаа чин сэтгэлээсээ хийх боломжийг олгож, үргэлж тусалдаг хайртай дотны  хүмүүстээ болон ханьдаа, хамт олондоо, нийт байгаль хамгаалагч нартаа талархал илэрхийлж, шинэ оны мэнд хүргэе.


-Ярилцсанд баярлалаа

Холбоотой мэдээ