ДАРХАН-УУЛ: “Дархан инновац-62” уралдааны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-15 13:20:39

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран шинэ технологи нэвтрүүлсэн, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн иргэн, ААНБ-ыг урамшуулахаар тусгасан.


Тус зорилтын хүрээнд зохион байгуулсан Хотын соёл, экологи, хөгжилд нэн шаардлагатай, инновац бүтээлийг шалгаруулах “Дархан инновац-62” уралдаанд амжилттай оролцон шалгарсан оролцогчдод аймгийн Засаг даргаас тус бүр нэг сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлж батламж олголоо.


Шагналыг аймгийн Засаг даргын орлогч, Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дарга Б.Жавхлан гардуулан өгч, амжилт хүслээ.

Шилдэг инновац төсөл төрөлд:

“Ажлын байрны зар мэдээг боловсронгуй болгох нь” сэдвээр ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн оюутан Д.Буянхишиг

Шилдэг инновац бүтээл төрөлд:

“Агаарын чанар хэмжих төхөөрөмж” сэдвээр Кэй Ай Ти Вай ХХК-ийн ажилтан Б.Сүх-Эрдэнэ, Б.Сумъяабазар

Шилдэг инновац технологи төрөлд:

“Арьс ширний үйлдвэрлэлийн технологийн менежментийн сайжруулалт” сэдвээр Дархан Минж ХХК-ийн инженер О.Батмөнх

Шилдэг инновац бүтээгдэхүүн төрөлд:

“Машины байршлыг мөшгөх IOT-д суурилсан системийн туршилтын үр дүн сэдвээр ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн багш Ч.Ганзориг

Шилдэг инновац үйлчилгээ төрөлд:

“Хуучин хувцсыг эргэлтэд оруулж, энгийн эмх цэгцтэй амьдралын хэв маягийг бий болгох” сэдвээр ХУИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн багш А.Тана-Эрдэнэ нар тус тус шалгарсан юм.

Нийт 25 бүтээл ирснээс ийнхүү шилдэг 5 бүтээл шалгарлаа.

Холбоотой мэдээ