ӨВӨРХАНГАЙ: Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийг ихэнхдээ хамаатан саднууд үйлддэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-18 18:47:09

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт насанд хүрээгүй хүүхэд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол 2019 оноос хойш 60 бүртгэгдээд байна.


Тодруулбал, 2019 онд 10, 2020 онд 9, 2021 онд 18, 2022 онд 12, 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 11 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирчээ. Ковидын жил буюу 2021, 2022 онд нийгмийн хэв журмын хэрэг зөрчлийн тоо буурсан боловч бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг өсөлттэй байна.  


Энэ бол хэрэг илэрч бүртгэгдсэн тоо баримт. Харин хаалттай хаалганы цаана хэчнээн хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж, бие махбодийн болоод сэтгэл санааны дарамтад орж байгааг таашгүй. 


Хэрэг үйлдэгчдийн 80 хувь нь хамаатан садны хүмүүс, эцэг эхийнх нь найз нөхдүүд байдаг ба дийлэнхдээ гэр бүлийн хүрээнд архидан согтуурсан орчинд үйлдэгдэж байгааг албаныхан хэлж байна. Үүнээс харахад энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломж байгаа боловч эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлагагүй байдлаас үүдэн хэргийн тоо буурахгүй байгаа аж.


Ихэнхдээ эцэг, эхийн хайр халамж дутагдсан хүүхдүүд үл хайхрах хүчирхийллээс бэлгийн хүчирхийлэлд өртөж, биеийн болоод сэтгэлзүйн эрүүл мэнддээ насан туршийн шарх авч байна.


Уг гэмт хэргийг бууруулахын тулд хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн байгууллагууд тодорхой арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүн өгөхгүй байгаа юм. Тухайлбал, 2020 оноос хойш хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр аймгийн хэмжээний арав гаруй төрлийн уулзалт хэлэлцүүлэг, чуулган, зөвлөгөөн хийж, давхардсан тоогоор 10 мянга гаруй хүмүүсийг оролцуулан уриалга, зөвлөмж гаргасан ч “байгаа онохгүйгээс” шалтгаалж, хэрэг даамжирсаар байна.


Өөрөөр хэлвэл, уулзалт, хэлэлцүүлэгт ихэвчлэн төр, төрийн бус байгууллагын албан хаагчид оролцож, тулгамдсан асуудлаа ярилцаад тардаг. Гэтэл хохирогч хүүхдийн үеэлүүд, ах, хойд болон төрсөн эцэг, өвөө нь эсвэл тэдэнтэй архидан согтуурсан найзууд, насанд хүрээгүй хүүхэд хүртэл нас, боловсрол хамаарахгүйгээр гэмт этгээд болж байгаагаас харахад сэрэмжлүүлэг мэдээлэл, холбогдох хуулийн заалтыг илүү өргөн хүрээнд хүртээмжтэй хүргэх шаардлага тулгарч байгаа юм.


Ялангуяа, цэргийн насны залуучууд 14-16 насны охидтой бэлгийн харилцаанд орох нь гэмт хэрэг гэдгийг мэдэхгүйгээс болоод энэ хэргийн холбогдогч болдог учраас бэлгийн идэвхтэй үед яваа иргэд, малчдад мэдлэг, мэдээлэл олгох хэрэгцээ, шаардлага их байгааг Хүүхдийн эрхийн улсын байцаагч Ц.Болормаа хэлж байв.


Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т зааснаар албан байгууллага, аж ахуйн нэгж бүр “Хүүхэд хамгааллын бодлого” хэрэгжүүлж ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 136 байгууллага “Хүүхэд хамгааллын бодлого”-оо баталсан байна. Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу 177 байгууллага дэргэдээ “Гэр бүлийн зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна.


“Ирэх онд энэ үйл ажиллагааг идэвхжүүлж, хүүхэд хамгааллын тогтолцоог байгууллага бүрд нэвтрүүлж ажиллана” хэмээн аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал хэллээ.


Хохирогч хүүхдүүд хэргийг шийдүүлэхийн тулд урт зам туулах шаардлагатай болдог. Хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа зургаан сараас нэг жилийн хугацаанд үргэлжилдэг бөгөөд хүүхэд болсон явдлыг олон талын субьектэд эхнээс нь дуустал ярих шаардлага гарна. Тэр хугацаанд айж түгших, эргэлзэх, хэргийг илчилсэндээ харамсах, өөрийгөө буруутгах, амиа хорлохыг хүсэх зэрэг сэтгэл зүйн олон өөрчлөлтөд автдаг байна.


Түүний дээр хэрэг үйлдэгч нь хамаатан садны хүн бол тухайн хүүхдийг утсаар, цахимаар, гэрт нь очих байдлаар байнгын дарамтад байлгадаг учраас сэтгэцийн эмгэгтэй болох, амиа хорлох хүртэл асуудалд ордог болохыг аймгийн ГБХЗХГ-ын сэтгэл зүйч Т.Юмжирдулам хэлж байлаа.


Хууль зүйн туслалцааны тухай хуулиар бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болсон насанд хүрээгүй хүүхдүүдийг үнэ төлбөргүй өмгөөлөхийг хуульчилсан. Энэ хүрээнд Хуульзүйн туслалцааны төвийн Өвөрхангай аймаг дахь салбарын улсын ахлах өмгөөлөгч П.Дониддолгор сүүлийн нэг жилийн хугацаанд бага насны найман хохирогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн байна.


“Хохирогч хүүхдүүдэд өмгөөлөл үзүүлэх үеэр сэтгэл гутралд автах, тухайн үйлдэлд үүссэн цочролоос гарч чадахгүй байх, Цагдаагийн газар очихоос айж зүрхшээх, ялангуяа шүүх хуралдааны үеэр гэмт этгээдийг хараад дахин цочролд орох зэрэг асуудал үүсдэг” хэмээн тэрбээр хэлсэн юм.


Тэрчлэн эмэгтэйчүүдийн их эмч М.Цэгмидээс тодруулахад “Насанд хүрээгүй хүүхэд ямар нэг байдлаар жирэмсэлсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад оройтож ханддаг. Мөн жирэмслэлтийг таслан зогсоох хүсэлт тавьдаг. Гэтэл жирэмсний хугацаа уртсахын хэрээр хүндрэл, бэрхшээл гарна. Ийм үед Эрүүл мэндийн сайдын тушаалаар багийн Засаг даргын болон сургуулийн тодорхойлолт гэх зэрэг олон төрлийн бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай болдог. Тэр бичгийг авчрахын тулд багшаасаа, ангийнхнаасаа айж ичих зэргээр байнгын сэтгэл зүйн дарамтанд орох нөхцөл үүсдэг” гэв.

 

Тиймээс хэрэг шийдвэрлэлтийг аль болох богино хугацаанд явуулахаас гадна мэргэшсэн эмэгтэй мөрдөн байцаагч дагнаж хариуцах, мэдүүлэг өгөх өрөөг хүүхдийн сэтгэлзүйд тохируулан тохижуулах, шүүх хуралдаанд цахимаар оролцох, жирэмслэлтийг таслан зогсоох үеэр нэхдэг бичиг баримтуудын бүрдүүлэлтийг багасгах зэрэг эрхзүйн олон өөрчлөлтийг хийх шаардлага байна.


Цаашлаад шүүх хурал дуусч, гэмт этгээд ялаа авснаар хохирогч хүүхдийн асуудал шийдэгдлээ гэж үздэг. Гэвч өсвөр насны хүүхэд энэ хэргийн золиос болсон бол өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдаж, сургуулиасаа гарах, нийгмээс зугатаах, ганцаараа байхыг илүүд үзэх зэргээр сэтгэлзүйн хүнд байдалд ордог.


Зарим тохиолдолд илүү нээлттэй болж, өөрт тохиолдсон явдалд дасан зохицож, задгайрах хандлагатай болдог. Энэ мэдрэмж насан туршид нь дагалдаж, ирээдүйд гэр бүл болох, сурч боловсрох, ажил мэргэжлээ сонгоход нь хүртэл сөрөг нөлөө тусгаж байдаг аж. Тийм учраас хохирогч хүүхдүүдэд хариу арга хэмжээг маш сайн авч, нөхөн сэргээж, нийгэмшүүлэх ажлыг нэг жилээс дээш хугацаагаар хийх хэрэгтэйг сэтгэлзүйчид хэлж байлаа.

Холбоотой мэдээ