ДАРХАН-УУЛ: Хичээлээс гадуурх үйл ажиллагааг хэвийн явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-18 15:33:11

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо. Уг хурлаар цаг үеийн нөхцөл байдал болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” А/554 дүгээр тушаал гарсантай холбогдуулан дараах шийдвэрүүдийг гаргасныг аймгийн Засаг дарга Б.Азжаргал танилцууллаа.


ЕБС-ийн бага ангийн хичээл, сургалтыг энэ сарын 29-ний өдрийг хүртэл цахим хэлбэрт шилжүүлсэн.  Ингэхдээ аймгийн хэмжээнд зарим зохицуулалтыг хийхээр болсон байна. Хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн ч хичээлээс гадуурх дугуйлан, секц, давтлага зэрэг үйл ажиллагааг хязгаарлахгүй ажээ.


Сургууль бүр цагийн хуваарь гаргаж давтлагад хамрагдах хүсэлтэй сурагчдад зориулан, тэдний эцэг, эх, асран хамгаалагчдын зөвшөөрлөөр хийх боломжтой аж. Мөн зургаан сургууль дотуур байртай. Сургуулийн дотуур байранд буй сурагчдын тоо судалгааг нарийвчлан гаргаж, цахим, зайн сургалтын үеийн хичээлийг тасралтгүй явуулах, байрны сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчдад нь гараас гарт хүлээлгэн өгөхийг ЕБС-ийн удирдлагуудад үүрэг болголоо.


Гэртээ харах хүнгүй үлдэж байгаа бага насны хүүхдүүдийн судалгааг гаргаж, хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж боловсруулан эцэг эх, асран хамгаалагчдад хүргэх, багш нар эргэх холбоотой ажиллахыг даалгалаа.


Мөн сурагчдын гар утсанд байршил тогтоох аппликейшн суулгах, E-Mongolia-Ekids цонхоор нэвтрэн мэдээллээ дамжуулах боломжийг хүүхдэд нээж өгөхийг эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөх, хамтран хэрэгжүүлэхийг зөвлөлөө.


Түүнчлэн 1-5 дугаар ангийн хүүхэдтэй төрийн албан хаагчийн хүүхэд нь өвдсөн бол тухайн байгууллагын удирдлагууд үйл ажиллагаатайгаа уялдуулан ажилтнаа зайнаас болон богиносгосон цагаар ажиллуулах, нэн шаардлагатай нөхцөлд цалинтай чөлөө өгөх зохицуулалтыг дотооддоо хийхийг үүрэг болгохыг зэрэгцээ уг шийдвэрийг хувийн хэвшлийн ААНБ-дад уриаллаа.


Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт сургалтын үйл ажиллагааг хязгаарлах түвшинд хүрээгүй учир СӨББ хэвийн ажиллуулах шийдвэрийг тус тус гаргалаа.


Гарсан шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллахыг БШУГ, ЕБС, СӨББ-ын болон бусад холбогдох байгууллагын удирдлагуудад даалгалаа.

Холбоотой мэдээ