БАЯН-ӨЛГИЙ: Иран Улс руу 300 тонн хонины мах экспортлоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-19 12:38:25

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Зергер-Интернешнл" компани энэ онд Исламын Бүгд Найрамдах Иран Улс руу 300 тонн буюу 25 мянган толгой хонины мах экспортод гаргаад байна.


Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 100 тонноор өссөн үзүүлэлт аж.


Тус компани одоогоор манай улсын баруун таван аймгаас мал худалдан авч, Өлгий хотод байрлалтай махны үйлдвэртээ халаал аргаар нядалдаг.


Монгол Улс газар зүйн байршлын хувьд Дундад Азийн Казахстан, Киргиз, Узбекистан болон Иран зэрэг халаал махны хэрэглэгч орнуудтай ойрхон оршдог давуу талтай. Иймээс халаал аргаар ангилан савлаж бэлтгэсэн махны эрэлт их байгаа гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал М.Нурбол хэлж байна.


Мөн сүүлийн жилүүдэд махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд эрх бүхий байгууллагуудаас олгодог зөвшөөрлүүдийг цахимаар өгдөг болсноос хойш өмнө нь тулгардаг байсан бэрхшээл, хүндрэлүүд арилж бидний ажлыг хөнгөвчилсөн гэдгийг тэрбээр онцоллоо.  

Холбоотой мэдээ