СҮХБААТАР: Соёл урлагийн газрынхан “Хос бичигтэн байгууллага” улсын уралдаанд тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-12-21 16:49:53

Баруун-Урт, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас зарласан “Хос бичигтэн байгууллага” уралдаанд Сүхбаатар аймгийн Соёл, урлагийн газар тэргүүлжээ.

 

Эх хэл, бичиг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, бүх нийтийн монгол бичгийн хэрэглээг дээшлүүлэх, үндэсний бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Соёл, урлагийн газраас олон төрлийн ажлыг хэрэгжүүлжээ.


 

Тодруулбал, байгууллагын болон салбарын албан хаагчдын монгол бичгийн хэрэглээний чадварыг сайжруулах зорилгоор аймгийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран монгол бичгийн зургаан удаагийн сургалтыг зохион байгуулжээ. Цахим, танхим хэлбэрээр зохион байгуулсан тус сургалтад давхардсан тоогоор салбарын 126 албан хаагч хамрагдсан байна. Мөн салбарын албан хаагчдыг “Монгол бичгийн мэдлэгийн түвшин тогтоох” сорилд хамруулахад нийт албан хаагчдын 60.8 хувийг хамруулахад унших чадвар 42 хувь, бичих чадвар 35 хувьтай үнэлэгджээ.

 

Соёл, урлагийн газрын хэмжээнд долоо хоног бүрийн пүрэв гаргийн 16.00-17.00 цагийг үндэсний бичгийн уншлагын цаг болгож, үндэсний бичгээ уншиж хэвшсэн байна. Байгууллагын 11 албан хаагчаас 10 нь долоо хоног тутмын “Хүмүүн бичиг” сониныг улирал бүр захиалж, өв соёлоо эрхэмлэх, үндэсний бичгээ сурахад хичээн суралцаж байгаа аж.

 

Үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх” ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр зохион байгуулдаг “Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг” уралдаанд шагналт байр эзэлсэн, албан байгууллагын хаягжилт, албан хаагчдын нэрийн хуудсыг монгол бичгээр хэвлүүлсэн, Соёл, урлагийн газраас байгууллагын танилцуулга, тайлан мэдээллийг монгол бичгээр бичиж хэвшсэн байна.

 

Мөн салбарын удирдах тушаалтнуудыг үндэсний бичгээрээ бичиж хэвшихийг уриалж, “Миний нэр-Миний гоёл” чэллэнжийг эхлүүлж, салбар байгууллагын 16 дарга нэгдэж, гарын үсгээ монгол бичгээр бичиж хэвшжээ. 

Холбоотой мэдээ