БАЯН-ӨЛГИЙ: "Халал" стандартаар баталгаажуулалтын гэрчилгээ олгох эрхтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-22 11:16:42

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн “Халал Сертф Аженси” ХХК "Халал" стандартаар тохирлын үнэлгээ хийж, баталгаажуулалтын гэрчилгээ олгох эрхтэй боллоо.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО) Монгол Улсад итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах, улмаар хүнс болон хөнгөн үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд техникийн туслалцаа үзүүлж байгаа.


Тус төслийн хүрээнд Монгол Улсын аж ахуйн нэгжүүд халал аргаар мал төхөөрөх, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, явуулын рестораны үйлчилгээ үзүүлэх стандартуудыг дотооддоо авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд ЮНИДО-гийн экспертүүд Стандарт хэмжил зүйн газар, Монголын Мусульманчуудын нийгэмлэгүүдийн "Дин Ислам" холбоо, “Халал Сертф Эйжэнси” компанийг Персийн булангийн итгэмжлэлийн төв (GAC)-өөс Халал баталгаажуулалтын байгууллагын GSO 2055-2 стандартын дагуу итгэмжлэлийн үнэлгээ хийлгэхээр бэлтгэсэн.


Иймээс холбогдох шаардлагуудыг хангасан тул Персийн булангийн орнуудын Итгэмжлэлийн байгууллагаас тус компанид “GSO 2055-2:2021 - Халал хүнс. 1-р хэсэг. Халал баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага стандартын итгэмжлэлийн гэрчилгээ”-г энэ сарын 20-ны өдөр олгосон байна.   


Ташрамд дурдахад, "халал" гэдэг нь араб хэлний “зөвшөөрөгдсөн”, “цэвэр” гэсэн утгатай үг бөгөөд маш өргөн хүрээний агуулгыг хамардаг. Тухайлбал, хоол хүнсний найрлагад ямар нэгэн согтууруулах бодис, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй шоргоолжны хүчил гэх мэт зүйлс агуулагдаагүй байх, мах болон махан бүтээгдэхүүний хувьд малыг нядлахдаа шашны ном ёсоор хоолойг нь хэрчих аргаар нядлах, нядалсан мал нь ямар нэгэн өвчингүй эрүүл байх зэрэг шаардлагуудтай байдаг ажээ. 



Холбоотой мэдээ