Microsoft дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-01-12 15:31:12

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 12 /Reuters/. Америкийн Microsoft корпорац хамгийн үнэ цэнтэй компаниудын чансаанд Apple-ийг ардаа орхижээ. 


NASDAQ биржийн арилжааны мэдээллээр, Microsoft-ын хувьцаа 1.6 хувиар өссөн бол Apple компанийнх 0.9 хувиар буурсан байна. Microsoft-ын зах зээлийн үнэлгээ 2.875 их наяд долларт хүрсэн бол Apple-ынх 2.871 их наяд доллар болжээ. 


Apple-ын зах зээлийн үнэлгээ 2021 оноос хойш анх удаа Microsoft компанийн үнэлгээнээс доошилж буурчээ. 2021 онд COVID-19 цар тахлын улмаас нийлүүлэлтийн сүлжээ тасалдах вий гэсэн болгоомжлолоос үүдэн Apple-ын хувьцааны үнэ унаж байсан юм.


Нэгдүгээр сарын эхний өдрүүдэд Apple-ын хувьцаа 3.3 хувиар унасан бол Microsoft-ынх 1.8 хувиар өсжээ. iPhone гар утасны борлуулалт буурна гэх шинжээчдийн таамаглал Apple-ын хувьцааны ханш буурахад нөлөөлсөн байна. Bloomberg агентлагийн мэдээлснээр, технологийн томоохон компаниудаас зөвхөн Apple-ын орлого өнгөрсөн оны дөрвөн улирлын туршид буурсан байна. 2024 оны санхүүгийн жилд компанийн орлого дунджаар 3.6 хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байна.




Холбоотой мэдээ