Супер цомыг "Реал Мадрид" хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-15 14:24:38

 Эр-Рияд, 2024 оны нэгдүгээр сарын 15 /ВВС/. Испанийн Супер цомын тэмцээний шувтаргын тоглолтод "Реал Мадрид" баг "Барселона"-г 4:1 харьцаагаар буулган авлаа. Тоглолт Саудын Арабын Эр-Рияд хотноо ням гарагт болжээ.


"Реал Мадрид"-ын довтлогч Ж.Винисиус XXI зуунд "Реал Мадрид", "Барселона" багуудын тоглолтод хамгийн богино хугацаанд хет-трик буюу дараалсан гурван гоол хийсэн тоглогч боллоо.


Тэрбээр тоглолтын 7, 10, 39 дэх минутад гоол оруулсан бол хагас хамгаалагч Родриго 64 дэх минутад гоолджээ. Хожигдсон багаас Роберт Левандовски 33 дахь минутад гоол хийсэн байна. Тоглолтын 71 дэх минутад хамгаалагч Рональд Араужо хоёр дахь шар хуудсаа авснаар "Барселона" баг 10 тоглогчтой болжээ.


1982 оноос хойш зохион байгуулж байгаа Испанийн супер цомын тэмцээнд Испанийн аварга багууд, цомын эзэд оролцдог байв. 2019/20 оны улирлаас хойш уг тэмцээнийг дөрвөн багийн мини тэмцээн хэлбэрээр зохион байгуулж байна. "Барселона" Испанийн аварга болж, "Реал Мадрид" цомын эзэн болсон, харин "Осасуна" баг цомын тэмцээний шувтаргын тоглолтод шалгарсан тул тус тэмцээнд оролцох эрхийг авсан байна. "Атлетико" Испанийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр, "Реал Мадрид" хоёрдугаар байр эзэлсэн учир Супер цомын төлөө өрсөлджээ.


Испанийн супер цомын тэмцээнд хамгийн олон удаа буюу 14 удаа түрүүлсэн баг бол "Барселона" баг юм. Харин "Реал Мадрид" 13 дахь цомоо хүртсэнээр хоёрдугаарт бичигдэж байна.

Холбоотой мэдээ