Египет, Мозамбикийн багууд тэнцлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-15 15:18:24

АБИЖАН, 2024 оны нэгдүгээр сарын 15 /soccer24/. Абижан хотноо ням гарагт эхэлсэн Африкийн цомын тэмцээний B хэсгийн эхний тойргийн тоглолтод Египетийн хөлбөмбөгчид Мозамбикийн  шигшээ багтай 2:2 харьцаагаар тэнцлээ.


Тоглолтын хоёр дахь минутад Египетийн довтлогч Мостафа Мохамед эхний гоолыг оруулжээ. Мозамбикийн шигшээ багаас хагас хамгаалагч Вити 55 дахь минутад, довтлогч Клезиу Бауке 58 дахь минутад тус тус гоолдсон байна. Нэмэлт цагийн долоо дахь минутад Египетийн довтлогч Мохамед Салах торгуулийн цохилтоор тоглолтын сүүлчийн гоолыг хийлээ.


Египетийн хөлбөмбөгчид Африкийн цомын тэмцээнд хамгийн олон буюу долоон удаа түрүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд 2010 онд аваргын цомыг өргөж байлаа. Хамгийн сүүлд болсон 2022 оны цомын тэмцээний финалд египетчүүд Сенегалын багт хожигдсон юм.


В хэсэгт Кабо-Верде улсын шигшээ баг ням гаргийн орой болсон эхний тойргийн тоглолтод ганачуудыг 2:1 онооны харьцаагаар хожжээ. Дараагийн тойрогт египетчүүд Ганагийн багтай, мозамбикчүүд  Кабо-Вердегийн багтай тоглоно.


Африкийн цомын тэмцээн Кот д’Ивуарын таван хотод болж байгаа бөгөөд цомын эзэн хоёрдугаар сарын 11-нд тодорно.

Холбоотой мэдээ