Жо Байдены сонгуулийн кампанит ажилд Жон Керри оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-15 16:56:24

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 15 /ВВС/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх тусгай элчийн албан тушаалаа удахгүй орхиж, Ардчилсан намын гишүүн, Ерөнхийлөгч Жо Байдены сонгуулийн кампанит ажилд нэгдэнэ гэдгээ мэдэгдлээ.


Америкийн хэвлэлүүдэд бичсэнээр, өдгөө 80 настай Ж.Керри энэ тухайгаа бямба гарагт ажилтнууддаа мэдэгдсэн байна. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх тусгай элчээр гурван жил ажиллаж байгаа юм.


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны арваннэгдүгээр сард болно.


2004 оны ерөнхийлөгчийн сонгуульд Жорж Буш ердөө 2.4 хувийн саналаар сенатч Ж.Керриг ялж хоёр дахь удаагаа АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож байлаа.


Дараа нь тэрбээр 2013-2017 онд Ерөнхийлөгч Барак Обамагийн үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан  бөгөөд Ж.Керри уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тэр үеэс шийдэж эхэлсэн юм. Түүнийг эл албан тушаалыг хашиж байх үед буюу 2015 онд Парисын хэлэлцээрт гарын үсэг зурж, үндсэндээ дэлхийн бүх улс орон анх удаа хүлэмжийн хийн ялгарлыг хамтран бууруулах амлалт өгсөн билээ.


Одоогийн албан тушаалынхаа хүрээнд тэрбээр мөн саяхан Дубайд болсон COP28 дээд хэмжээний уулзалтыг бэлтгэх, зохион байгуулахад оролцжээ. Тус уулзалтаар дэлхийн улс орнууд олборлодог түлшний хэрэглээг үе шаттайгаар бууруулах стратегийн талаар тохиролцсон юм.


Хэдийгээр Вашингтон, Бээжингийн хооронд зөрчилдөөнтэй байгаа хэдий ч тэрбээр Хятадын  уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ше Жэньхуатай амжилттай хамтран ажилласан билээ. АНУ болон Хятад улс нь хүлэмжийн хийн ялгаруулалтаар дэлхийд тэргүүлдэг гүрнүүд бөгөөд "уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямрал нь хүн төрөлхтөнд заналхийлж буй аюул учраас бид аль болох хурдан арга хэмжээ авах ёстой" гэж Ж.Керри өнгөрсөн онд Бээжин хотноо мэдэгдэж байлаа.


Эргэн сануулахад, Жо Байдены засаг захиргаа 2030 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 2005 оны түвшинд хүргэж бууруулна гэж амласан бөгөөд хоёр жилийн өмнө 369 тэрбум ам.долларын ногоон эрчим хүчний тухай хуулийн төслийг Конгрессоор хэлэлцүүлэн батлуулсан юм.

Холбоотой мэдээ