X сүлжээ Ютад мөнгө шилжүүлэх зөвшөөрөлтэй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-16 15:17:44

БЕРЛИН, 2024 оны нэгдүгээр сарын 16 /Reuters/. Илон Маскийн эзэмшдэг олон нийтийн Х сүлжээ Юта муж улсад мөнгө шилжүүлэх тусгай зөвшөөрлийг өчигдөр авчээ. Ингэснээр тус компани АНУ-ын 15 муж улсад төлбөрийн гүйлгээ хийх боломжтой боллоо.


Nationwide Multistate Licensing System & Registry” онлайн мэдээллийн сангаас мэдээлснээр, Ютад баасан гарагт зөвшөөрөл олгосон байна.


Энэ нь PayPal-ийн Venmo-той төстэй бөгөөд Х сүлжээний хэрэглэгчид хоорондоо гүйлгээ хийх боломжтой гэсэн үг юм. Төлбөрийн гүйлгээг нэмэгдүүлэх нь И.Маск компанийг худалдан авснаас хойш уналтад ороод буй цахим сурталчилгааг сэргээхээс гадна бизнесээ төрөлжүүлэхэд тус дөхөм болно.


И.Маскийг өнгөрсөн онд антисемит (еврейчүүдийг үзэн ядах) хуйвалдааны онолыг дэмжсэн X-ийн хэрэглэгчтэй санал нийлсний дараа зарим томоохон компани сурталчилгаагаа түр зогсоож, зарим нь тус платформыг бүрмөсөн орхин гарсан юм.


2022 оны 10 дугаар сард Твиттерийг худалдаж авснаас хойш компаниа хэрэглэгчдэд мессеж илгээхээс гадна такси дуудах, төлбөрийн гүйлгээ хийх боломж бүхий Хятадын WeChat-ын "бүх зүйлд зориулсан аппликейшнтэй" болгон өөрчлөн загварчлахаар төлөвлөж байгаа тухайгаа И.Маск ярьсан билээ.


Тус компани анх өнгөрсөн оны зургаадугаар сард Нью-Хэмпширт мөнгө шилжүүлэх тусгай зөвшөөрөл авсан бөгөөд түүнээс хойш Пенсильвани, Аризон, Жоржиа, Мэрилэнд, Мичиган зэрэг муж улсуудад зөвшөөрөл авсан байна.

Холбоотой мэдээ