Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйд суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-01-25 16:23:53

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газар хөгжлийн бэрхшээлтэй суралцагчтай ажилладаг сургуулийн багш нарт зориулан “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй“-н сургалт зохион байгуулж байна.


Энэхүү сургалтад 55 болон 63 дугаар сургуулийн 15 багш хамрагдаж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын багшлах эрхийн сургалт, мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг авч, цаашид сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилсан арга зүйгээр боловсруулах, чадамжийн нэгж, элемент, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг суралцагчийн бэрхшээлийн онцлогт тохирсон арга зүйгээр боловсруулан сургалтын бэлтгэлийг хангах юм.


Сургалтыг танхимаар онол, дадлагын арга зүйгээр, цахимаар бие даан даалгавар гүйцэтгэх хэлбэрээр зохион байгуулж байна.


Сургалтыг Боловсролын ерөнхий газрын мэргэжилтнүүд болон Энэрэл мэргэжлийн боловсролын сургуулийн сургагч багш А.Уянга нар явуулж буй юм. 


Боловсролын ерөнхий хуульд заасан тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй, нээлттэй, насан туршийн суралцахуйг дэмжсэн, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг бусад суралцагчийн адил боловсрол эзэмших тэгш боломж, нөхцөлөөр хангах гэж заасан. Мөн Мэргэжлийн болон техникийн боловсролын тухай хуульд иргэний хөдөлмөр эрхлэлт, ур чадварын хөгжлийг мэргэжлийн сургалтын үйл ажиллагаагаар дэмжих бөгөөд мэргэжлийн сургалтаар мэргэжлийн анхан шатны ур чадвар эзэмшүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж заасан. Үүний дагуу сургалтын байгууллага, аж ахуй нэгж нь мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг эрхэлж болох бөгөөд сургалтаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлж хөдөлмөрт бэлтгэх зорилгыг хэрэгжүүлэх боломжтой юм.





Холбоотой мэдээ