ӨВӨРХАНГАЙ: Аймгийн Засаг даргад үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэнг нэр дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-01-30 14:45:19

Арвайхээр, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит XXIV хуралдаанаар аймгийн Засаг даргад И.Доржсүрэнг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжиллаа.


И.Доржсүрэн нь 2008-2012 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, 2016-2023 оны 9 дүгээр сар хүртэл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж, 2023 оны 9 дүгээр сараас эхлэн аймгийн Засаг даргын үүргийг гүйцэтгэж байгаа юм. Тиймээс ажлын туршлагатай хэмээн үнэлж төлөөлөгчид санал нэгтэй дэмжсэн бөгөөд аймгийн агаарын бохирдлыг багасгах, бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэх, төрийн албаны боловсон хүчний тогтвортой байдлыг хангах чиглэлээр анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болголоо.


Энэ үеэр И.Доржсүрэн дарга үг хэлэхдээ “Бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Гэхдээ богино хугацаа гэж тооцолгүйгээр аймаг, орон нутгийн эдийн засгийг тэтгэх бүтээн байгуулалтын, дэд бүтцийн томоохон бодлогуудад төвлөрч, багийн ажиллагааг чухалчилж ажиллана. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх л байгууллагуудад шаардлага тавьж, төр засгийн ажлыг эмх журамтай явуулахад түлхүү анхаарна” хэмээлээ. 

Холбоотой мэдээ