"Хунт нуур" балетыг гуравдугаар сард дөрвөн удаа тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-02-27 15:13:47

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетыг 2024 оны гуравдугаар сарын 2, 3, 16, 17-ны өдрүүдэд тус театрын тайзнаа тоглоно.


Балетын урлагийн чимэг болсон хар хунгийн 32 эргэлт, Алиа салбадайн огцом vсрэлт, олон хувилбарт эргэлтvvдийг бүжгэн жүжигчид хэрхэн чадварлаг гvйцэтгэхийг энэхүү балетаас үзэх боломжтой.  


Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт тус балетын удирдаачаар МУСТА Т.Гэрэлцэцэг, балетмейстер МУСТА Д.Дашлхагва, ерөнхий зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллажээ.


"Хунт нуур" балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг юм байжээ. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг.


"Хунт нуур" балет манай улсын дуурийн театрын тайзнаа 1975 оны зургаадугаар сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, балетмейстер Ардын жүжигчин,Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамьяндагвын дэглэлтээр анх тоглож байв. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар бүтээж байсан юм.


Холбоотой мэдээ