ӨВӨРХАНГАЙ: Л.Эрдэнэжаргал: Үйлдвэрлэгчдээ бойжуулсан, борлуулалтыг дэмнэсэн орон нутгийн бодлого хэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-03-07 14:39:32

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өөрийн сонирхол, ур чадвартаа хөтлөгдөн үйлдвэрлэл явуулж, хийж бүтээхийг зорьж байгаа олон залуу бий. Тэдний төлөөлөл болох Л.Эрдэнэжаргалтай ярилцлаа.


-Бага эмч мэргэжилтэй хүн гар урлал хийгээд явж байгаа нь сонирхолтой санагдлаа. Уг нь эмчийн мэргэжил эрэлт ихтэй байгаа шүү дээ?

-Би эрүүл мэндийн салбарт 2009-2021 он хүртэл 12 жил ажилласан. Анх сургуулиа төгсөөд Уянга сумын Жаргалант багт бага эмчээр очиж дөрвөн жил ажилласан байна. Тэр үед манай баг тог цахилгаан хязгаарлалттай байсан болохоор ажлын нөхцөлөөсөө шалтгаалаад их зүйлийг сурч мэдсэн гэж боддог юм. Эхний нэг жилд н.Мөнхцэцэг гээд их эмч хамт ажиллаж байгаад хот руу шилжээд явчихсан. Тэгээд хоёр мянгаад хүнтэй, 300 өрх айлтай том багийг эрүүл мэндийнх нь хувьд бүрэн хариуцаад үлдэж байлаа. Өдөрт нярай, хүүхэд, жирэмсэн эх, ахмадууд гээд бүх насны хүн ирж үзүүлнэ. Тэр бүгдэд шаардлагатай анхан шатны тусламж үйлчилгээг хүргэхийн тулд ном их уншдаг, эмч нараас байнга зөвлөгөө авдаг, өвчтөнтэйгөө сайн ярилцаж, өвчний шинж тэмдгийг нь ажиглаж шинждэг байсан. Одоо бол шинж тэмдгийг онцлохгүйгээр шууд л аппаратаар оношилж байна шүү дээ.


Дараа нь гэр бүлтэй болоод сумын төвд ирж, бага эмчийн орон тоо байхгүй учраас сургуулийн эмч, ээлжийн сувилагчаар ажиллаж байгаад 2021 онд аймаг руу шилжиж ирээд дахин мэргэжлээрээ ажиллаагүй. Өнөөдрийг хүртэл цүнхийг бүх төрлөөр урлаж байна.



-Ихэнх хүмүүс дээл, хувцас урладаг шүү дээ. Яагаад цүнх оёх сонголтыг хийсэн бэ?

-Миний аав, ээж зүгээр суудаггүй, их хөдөлмөрч хүмүүс л дээ. Би таван нас хүртлээ ээжийнхээ хийж өгсөн гутлыг өмсдөг байлаа. Тэр байдал бага байхаас нөлөөлсөн байх. Ажлынхаа чөлөө завтай үеэр үйл их урладаг байсан. Сургуулийн эмчээр ажиллаж байх үед хүүхдүүдийн үүргэвч, багш нарын нөүтбүүкний цүнх бараг шинээрээ урагдсан, сэмэрсэн байгааг харсаар байгаад сүүлдээ бүр зорьж ажигладаг болсон байсан. Тэгж л цүнх оёх хобби эхэлсэн байх.


-Цүнхийг хэдэн төрлөөр урлаж байна, өдөрт хэдийг гараас гаргадаг вэ?

-Сурагч цүнх, компьютерийн, фитнесийн, ахуйн хэрэглээний цүнхнүүд, хөнжил8 гудас хийдэг уут гээд хүний хэрэглээний бүх төрлийн цүнхийг оёж байна. Өдөрт дунджаар дөрвөн цүнх оёдог.



-Борлуулалтыг яаж шийдэж байна вэ?

-Уянга сумын дэлгүүрт тавьдаг. Заримдаа барааны дэлгүүрүүдэд бөөний үнээр өгдөг. Массын хэмжээнд үйлдвэрлэл явуулж амжихгүй, өдөрт цөөн тоогоор гаргадаг болохоор бөөний үнээр өгөхөд ашиг багатай. “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвд бараа бүтээгдэхүүнээ тавих боломжтой ч тэнд гаднаас ирсэн хүмүүс л орно. Ихэнх хэрэглэгчид төв зах хавиас үйлчилгээ аваад буцдаг. Тэгэхээр үйлдвэрлэл хийж байгаа хүмүүсээ бойжуулахад чиглэсэн, борлуулалтыг дэмнэсэн орон нутгийн бодлого баймаар санагддаг.


Хүн нэмж ажиллуулаад үйлдвэрээ өргөжүүлье гэхээр санхүүгийн асуудал их тулгардаг. Шинээр гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүсийг дэмждэг зээлийн бодлого учир дутагдалтай санагддаг юм. Жишээ нь, Start-up зэрэг залуучууд руу чиглэсэн буцалтгүй тусламжийн төсөлд хамрагдах гэхээр нас заадаг, бас нийгмийн даатгал төлдөггүй байх гэсэн шаардлага тавьдаг.


Бусад төрлийн зээл авахаар хэдий хүү багатай ч олсон ашгаа буцааж төлөөд хөл дээрээ босож чаддаггүй. Дээр нь заавал барьцаа хөрөнгө шаарддаг. Тийм болохоор жижиг, дунд үйлдвэрлэлийг эхлүүлж байгаа залуу хүмүүст өсөж дэвжих боломж их бага байдаг л даа. Миний хувьд ХХҮГ-аас хүү багатай 10 сая төгрөгийн зээл авсан. Одоо үед юмны үнэ өссөн, үйлдвэрлэл явуулахад өртөг зардал, хүч хөдөлмөр маш их зарцуулдаг учраас 10 сая төгрөг хүрэлцээтэй биш. Уг нь арай илүү санхүүжилт аваад үйлдвэрлэлээ нэг эргэлдүүлээд авах юм бол үр өгөөж нь илүү арвин байх боломжтой байдаг.



-Бүтээгдэхүүнийхээ чанарын баталгааг хэр хангаж байна вэ, захиалагч олон уу?

-Манай цүнхийг авсан хүмүүс ам сайтай байдаг. Дараа нь заавал дахиж худалдаа хийдэг. Манай бүтээгдэхүүний цахилгаан эвдэрнэ, оёдол ханзарна гэж бараг байхгүй. Их бие нь түрүүлээд элэгдчихдэг. Угаахад өнгө будаг гарахгүй, хэлбэрээ алдахгүй. Гэхдээ ямар ч зүйл эзнээсээ л шалтгаална шүү дээ. Гамтай хэрэглэвэл удаан л ашиглана. Саяхан манай нэг хэрэглэгч таарсан чинь зургаан жил хэрэглэж байна гэсэн.

Бас нэг жишээ хэлэхэд, хоёр хүн манай үйлдвэр дээр ирээд нэг нь хүүхдэдээ цүнх авсан. Нөгөө хүн нь хоёр сарын дараа “Өөр газраас цүнх авсан чинь урагдчихсан. Танайхаас л авъя” гээд ирсэн. Тэгэхээр хэрэглэгчдийн таашаалд ямар цүнх нийцэж байна вэ гэдгийг судлаад хийчихсэн байхад хэрэглэгч аяндаа ирдэг. Манай цүнхнүүдийн үнэ чанартайгаа харьцуулахад хямд.


-Хэрэглэгчдээ татахын тулд ямар алхам хийж байна вэ?

-Ямар ч бизнес эрхэлсэн бай, эхлээд хэрэглэгчдээ л судлах нь чухал санагддаг. Миний хувьд гэхэд сургуулийн сурагчид, оюутнууд, төрийн албан хаагчид ямар өнгөтэй, ямар хийц хэлбэртэй цүнх сонирхож байна вэ гэдгийг сайн судлаад тэр хэрэгцээг нь хангасан цүнх үйлдвэрлэх нь чухал байдаг. Тэгэх юм бол манайхыг зориод ирэх үйлчлүүлэгчээр тасрахгүй. Зарим үед цүнхнийхээ хаана ямар гоёл оруулж өгмөөр байна вэ гэдгийг үйлчлүүлэгчтэйгээ сайн ярилцаж, тохиролцоод бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Жишээ нь, сурагчдын үүргэвчийг пүүзний ууттай хосоор нь оёж байна. 



-Тоног төхөөрөмж бол хангалттай юм байна шүү дээ?

-“Хөгжлийн шийдэл” ТББ-ын BEST хөтөлбөрт хамрагдаад багаж хэрэгслээ сайжруулсан. Юм хийх хүсэлтэй, цаашид хөгжих боломжтой хэрнээ барьцаа хөрөнгөгүй, санхүү мөнгөгүй хүмүүсийг олж хараад нэг удаагийн тэтгэмж олгоод хэрэгцээ, шаардлагад нь нийцсэн маш сайн сургалт явуулаад, яг бидэнд тохирсон дэмжлэгийг үзүүлж чаддаг. Би заримдаа BEST хөтөлбөр хэрэгжээгүй бол яах байсан болоо гэж боддог юм. 


Үйлдвэрлэл хөгжиж байж л Монгол Улс хөгжинө гэж би хардаг. Гэтэл үйлдвэрлэл дэмжиж байгаа хэлбэр нь зөвхөн зээлийн үйлчилгээ байна. Өөр бодит дэмжлэг алга. Залуучуудыг зээлийн барьцаагаар барьцаалж, үл хөдлөхийг нь үнэлж байхаар ур чадварыг нь үнэлээд дэмжиж яагаад болдоггүй юм бэ гэж бодогдоод байдаг юм.


Үйлдвэрлэгчид чинь улс орондоо өөрийнхөө чадах зүйлээр нэмэр больё, ажлын байрыг нэмэгдүүлье гэдэг зорилгоор л зүтгэж байгаа хүмүүс.




-Санхүүгийн дэмжлэгээс гадна тулгамдаж байгаа асуудал байдаг уу?

-Татварын НӨАТ-ын босго 50 сая төгрөг байгаа нь одоогийн нөхцөл байдалд тохирохгүй санагддаг. Мөнгөний ханш унасан энэ үед ямар ч аж ахуйн нэгжийн дансанд 50 сая төгрөг орох боломжтой. Тэгэхээр 50 сая төгрөгийг орлого гэж тооцоод зарлагыг тооцохгүйгээр НӨАТ төлөгч болгоно гэдэг бол аж ахуйн нэгжид том дарамт болно. Шинэ, дөнгөж гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүст бүр ч хүндрэлтэй, дарамттай байдаг.

- Ярилцсанд баярлалаа. Үйл нь уран, үйлс нь өөдөө байг ээ. 






Холбоотой мэдээ