И.Хасархан: Зургаан сартайгаас нь гаршуулсан бүргэдийг 10 жил болгоод байгальд нь тавьдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
erdenebat@montsame.mn
2024-03-10 19:43:51

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Чингисийн хүрээ цогцолборт “Бүргэдийн баяр-24” наадмыг 18 дахь жилдээ  энэ сарын 9, 10 амралтын өдрүүдэд  зохион байгууллаа. Тэмцээн, уралдааны хэлбэрээр зохиогддог тус наадмын тэргүүн байрт Ц. Жинсбек шалгарч, И.Хасархан, Ч. Элбек нар удааллаа.


Казак түмний хаврын буюу Наурызын баярыг угтан тухайн үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор зохион байгуулдаг тус наадамд оролцогчид үндэсний хувцсаараа гоён, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой оролцдог уламжлалтай.


Энэ жилийн хувьд Баян-Өлгий аймгаас 20 бүргэдчин “Бүргэдийн баяр-24” ирж оролцлоо. Тэд  бүргэдээр хиймэл ан бариулах зэрэг төрлүүдэд өрсөлдсөн юм. Харин тулам булаацалдах, газраас зоос шүүрэх, анч нохойгоор хиймэл ан хөөлгөх зэрэг үзүүлэх тоглолт боллоо.


Сагсай сумын тамгын газрын мэргэжилтэн Илхан овогтой Хасарханаас бүргэдийг ан авд сургах уламжлалт зан үйлийн тухай сонирхсон юм. Тэрбээр, “Миний аав, ах бүргэд гаршуулж ан агнах үндэстний онцлогийг хадгалж ирсэн. Эргээд бодоход 5 бүргэд гаршуулсан байна. Энэ тэмцээнд 4 настай бүргэдтэй оролцож байна. Энэ бүргэдийг гаршуулаад 3 жил 6 сар болсон. Бүргэд гэдэг маань энэ төрлийн шувууны эмийнх нь нэр байгаа юм. Эрийг нь ан авд сургахгүй. Чадал тэнхээний хувьд эмийгээ гүйцэхгүй. Бяр чадал төдийгүй жингийн хувьд хөнгөн байдаг. Гар дээр минь байгаа энэ бүргэд /эм/ 10-20 кг жинтэй байхад эр нь 5-10 кг байх жишээтэй. Нэг бүргэдийг 6 сар орчимтойгоос гаршууллаа гэж үзэхэд 10 гаруй жил болгоод байгальд нь буцааж тавьдаг. Эм амьтны нь хувьд үр төлөө үлдээх ёстой гэдэг үүднээс тэр юм” хэмээн ярилаа.


И.Хасарханы хувьд ”Бүргэдийн баяр-2024” наадамд оролцохоор сумаасаа хоёулаа ирсэн байна. Тэдний хувьд аймгаасаа шугамын автобусаар 36 цаг явж ирсэн гэнэ. Бүргэдийг автобусанд авч явахад тусгайлан бэлтгэсэн өлгийд өлгийдөн авч иржээ. 


 





Холбоотой мэдээ