ӨВӨРХАНГАЙ: Зандан зуу сүмийн загварыг 1585 онд бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-03-15 11:05:00

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Эрдэнэ зуу музейн хосгүй үзмэрүүдийн нэг бол Зандан зуу сүмийн загвар бүтээл юм. 1585 онд Уран Манчир хэмээх дархан бүтээхдээ зандан болон сум модыг зааж углуургадан ямар ч хадаас оруулалгүй бүтээснээрээ онцлог.


Үүнийг Эрдэнэ зуугийн хамгийн анхны сүмүүдийн загвар хэмээн үздэг. Зандан зуу сүмийн дотор Зуу бурхны дүрийг хамтад нь бүтээсэн бөгөөд Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал хэмээн үздэг. Уг үзмэрийг 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр нутгийн сүсэгтэн гэртээ нуун хадгалж байгаад 1965 онд Эрдэнэ зуу музейд буцаан залжээ.


“Бурхан багшийг тэнгэрийн оронд морилох болсон тэр цагт замбуу тивд үлдэх шавь нар нь хагацаж ядан Сүгжаннямбуу хаан тэргүүтэй олон шавь нарын зүгээс адис жинлавт бурхны нэгэн хөрөг дүрийг үлдээхийг айлтгасанд тэнгэрийн дархан Бүшүгарма бээр Бурхан багшийн усанд туссан дүрийг харан зандан модоор бурхан багш лугаа адил нэгэн Лагшин шүтээнийг бүтээн үйлдсэн гэдэг. Тэрхүү адис жинлав ихт Лагшин дүр нь одоо Зандан зуу хэмээн алдаршсан Бурхан багшийн дүр мөн билээ. Энэ үеэс эхлэн бурхны дүр хөргийг бүтээн тахих ёс дэлгэрсэн байдаг” хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна.






Холбоотой мэдээ