Аугаа их найрагч Ш.Сүрэнжавын авьяасын гал, зүрх сэтгэлийн гэгээ, сайхан сэтгэлийн дүр төрх

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-03-22 20:38:57

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдөр тохиодог Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын түүвэр шүлгийн “Нар шингэдэггүй юм” ном уншигчдын хүртээл боллоо.

 

Монголын яруу найргийн ертөнцөд өөрийн гэсэн бүтээл туурвил, нэр алдраа дуурсгасан Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын үйл хэрэг, уран бүтээлийг залуу үед таниулах зорилгоор байгуулагдсан “Шаравын Сүрэнжав” сангаас энэхүү номыг эрхлэн хэвлүүлжээ.  

 

Номын баярыг нээж “Шаравын Сүрэнжав” сангийн тэргүүн, зээ хүү С.Лүндэг хэлэхдээ, “Миний өвөө Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын үйл хэргийг залуу үед таниулах зорилгоор 2022 онд “Шаравын Сүрэнжав” санг байгуулсан юм. Тус сангаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Шаравын Сүрэнжавын нэрэмжит талбай байгуулж 2024 оны зун дуусгана. Мөн МУИС-ийн төгссөн тэнхимийг нь нэрэмжит болгон тохижуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ нь МУИС-ийн хувьд яруу найрагчийн нэрлэсэн анхны тэнхим болох юм. Хан-Уул дүүргийн номын санг Шаравын Сүрэнжавын нэрэмжит болгосон бол “Тэнгэрийн хүү” яруу найргийн улсын уралдааныг таван жилд нэг удаа зохион байгуулж байна. 2028 онд өвөөгийн 90 насны ойгоор 3 дахь удаагаа зохион байгуулна. Мөн “Багш” найраглал нь зөвхөн багшийн алдрыг магтахаас илүү багш хүний чиг ёс, баримтлах зарчмыг бичсэн гэж үздэг тул БШУЯ-наас таван жил тутам нэг удаа зохион байгуулж улсаас баяр болгон тэмдэглэдэг цор ганц шүлэг юм. “Багш” найраглалын 40 жилийн ойг 2025 онд тэмдэглэнэ.

Энэхүү номын нээлтийн үеэр өвөөгийн төрсөн дүү, Монгол Улсын Төрийн шагналт зураач Батцэндийн Пүрэвсүх ахын  бүтээлүүдийг мөн дэлгэж байна. Төрийн шагналт ах, дүү хоёр хэмээн өвөө, ах хоёрыг маань Монголын ард түмэн хүндэтгэдэг байсан. Б.Пүрэвсүх ах маань “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” хоёр киногоороо, өвөө “Ерэн баатрын дууль”, “Багш” найраглалаараа Төрийн шагнал хүртэж байсан сонин учрал тохиолтой юм” гэв.


Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын шүлэг зохиолоос нэгэн дэвтэр шүлгийг түүвэрлэн Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяа сонгон эмхэтгэсэн бөгөөд "Монголын яруу найргийн ертөнцөд өөрийн гэсэн бүтээл туурвил, нэр алдраа дуурсган үлдээсэн Шаравын Сүрэнжав хэмээх яруу найрагчийн бүтээл туурвилын өв сан дотроос шүлэг зохиолыг нь түүвэрлэн нийтэд хүргэхийг чухалчилсан энэхүү түүвэр нь түүний яруу найргийн бүтээлүүдийг шинээр нээн харах боломжийг уншигчдад дахин олгоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн “Нар шингэдэггүй юм” номын өмнөтгөлд дурджээ.

 

МУСГЗ, Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч Д.Нямаа хэлэхдээ, “Нар шингэдэггүй юм" хэмээх номын нэрийг авч үзэхэд авьяасын гал, зүрх сэтгэлийн гэрэл гэгээ, сайхан сэтгэлийн дүр төрх шингэдэггүй учраас Ш.Сүрэнжав гуайн авьяасын цар хүрээг тодотгосон нэр юм гэж бодогдож байна. Тэрбээр зөвхөн шүлэг найргаараа Монголын утга зохиолыг хөгжүүлээд зогсохгүй өөрийн сэтгэлийн сайхан хойморт залуу үеэ хүмүүжүүлсэн. Ш.Сүрэнжав гуайн сэтгэлийн хойморт ургасан цэцэгс гэвэл 1980-аад оны яруу найрагчид бид юм. Өөр өөрийн өнгөтэй, үнэр анхиламтай яруу найргийн цэцэгсийг гардан ургуулсан цэцэрлэгч бол аугаа их найрагч Шаравын Сүрэнжав мөнөөсөө мөн. Түүний шүлэг бүх цаг үед  өөрийн сэтгэлийн хөг аяар уншигдсаар, залуусын зүрх сэтгэлийг хөглөсөөр, гэгээлэг уншигчдыг бий болгосоор байх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Эрдэнэбаатар, “Их өндөр уулан дээр гэрэл бөхдөггүй гэдэгчлэн Шаравын Сүрэнжав хэмээх өндөр Хайрханы орой мөнхөд нартай гэдэг бэлгэдлийг энэхүү шүлгийн түүврээс харж байна. Шаравын Сүрэнжав гуайтай хүүхэд байхдаа танилцсан. Аавтай минь найз байсан учраас манайд ирж яруу найраг, тухайн цаг үе, нийгмийн тухай ярилцдаг байлаа. Шаравын Сүрэнжав гэдэг "их уул"-д нялх балчир найрагчдыг хөлд, хэлд оруулсан хүн юм даа. Аугаа их найрагч Р.Чойномыг хэрхэн өмгөөлж, нөмөр болж явсан тухай дурдаж болно. Чойном гэж хүнийг монголчууд Ш.Сүрэнжавын гаргасан “Сүмтэй будрын чулуу” номоор нь мэддэг болсон. Хүн чанар, авьяасын мөн чанар гээд олон талаараа илүүрхэж төрсөн учраас энэ хүний үйл хэрэг “Нар шингэдэггүй юм” номын нэршил шиг өндөрт юм хэмээн бахархаж байна” гэв.

 

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын “Шөнө ургасан цэцэг”, “Цэргүүд дуулж байна”, “Миний дуулах ертөнц”, “Уулын салхи”, “Ялалт”, “Нутгийн цэнхэр уулс”, “Шүүгээн доторх хот”, “Дуулганд ургасан цэцэг”, “Хөх тэнгэрийн хур”, “Онгодын цагаан хүлэг” яруу найргийн номууд, “Хэрлэнгийн барьяа” роман, “Сарны доорх хорвоо”, “Долгионт жилүүдийн туужис” зохиолууд, “Гарьд магнай” /1983/, “Тод магнай” /1990/, “Цэц магнай” /1995/, “Тусгаар тогтнол аминаас үнэтэй” /2012/ уран сайхны кино зохиолууд, “Сэрүүн дэнжийн өглөө” жүжиг, “Гоож-Нан-аа” дуулалт жүжиг, “Арав дахь хавраа үдье”, “Намуун үдэш”, “Миний нутгийн бараа”, “Миний ардын сэтгэл цагаан”, “Итгэлийн дуу”, “Торгон хилийн зүг”, “Сувилагч чамдаа баярлалаа”, “Бүсгүйчүүл”, “Тольтой мөнгөн эмээл”, “Онцгой төрсөн бүсгүй”, “Малчин ааваа магтан дуулъя”, “Хэрвээ би эр хүн бол доо...”, “Миний ном”, “Сайн уу, муу юу, аль нь вэ хө?” дуунууд зэрэг бүтээл нь олон түмэнд танигдсан билээ.

“Нутгийн цэнхэр уулс” номоороо МЗЭ-ийн шагнал /1972/, “Ерэн баатрын дууль”, “Багш” найраглалаараа БНМАУ-ын Төрийн шагнал /1988/, Монгол Улсын Ардын уран зохиолч цол /1999/, Донровын Намдагийн нэрэмжит шагнал /2001/-ыг тус тус хүртэж байв.


Номын нээлтэд Номун хан, гавж Д.Чойжамц, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын уран зохиолч Ж.Саруулбуян, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Д.Төмөртогоо, Монголын зохиолчдын эвлэлийн орлогч дарга П.Нямлхагва, гүйцэтгэх захирал О.Энхжавхлан нарын зочид болон бусад салбарын төлөөлөл оролцсон юм. 








Номын нээлтийн үеэр их найрагчийн төрсөн дүү, түүхэн зургийн их мастер, Монгол Улсын Төрийн шагналт зураач Батцэндийн Пүрэвсүхийн шилмэл бүтээлүүдийг дэлгэсэн байлаа.

 


Монгол Улсын Төрийн шагналт, зураач Б.Пүрэвсүх 1948 онд Төв аймгийн Алдарбаян суманд төржээ. Тэрээр 1964-1968 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн уран зургийн анги, 1971-1977 онд Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит уран зураг, уран баримал, уран барилгын дээд сургууль /одоо Санкт-Петербург хотын Урлагийн Академи/-ийн уран зургийн ангид тус тус суралцаж дүүргэжээ. 

Б.Пүрэвсүхийн “Уралдаан” /1978/, “Шинэ цагийн босгон дээр” /1978/, “Жаргалтайн дэлгэр” /1979/, “Тэмцлийн замд” /1983/, “Эрдэмтэн Мянгат” /1984/ гээд реалист хэв маягаар бүтээсэн түүх, аж байдал, байгаль, хөрөг зэрэг олон зургууд нь эх орон, ард түмнээрээ бахархсан, үндэсний соёл, ёс заншлаа дээдэлсэн, шинжлэх ухаан, танин мэдэхүйн болон хүмүүжлийн өндөр ач холбогдолтой байдгаараа онцлог.

Зураач Б.Пүрэвсүхийн уран сангийн тосон будаг, усан будгийн зураг, тайз дэлгэцийн 1000 орчим бүтээл Уран зургийн галерей, Армийн музей, Үндэсний түүхийн музей, "Цагаандарь" арт галерей, "Түмэн эх" чуулга, аймгуудын орон нутгийн музейнүүд болон үр хүүхдүүд, урлаг сонирхогчдын хувийн цуглуулгад хадгалагдаж байна.






Холбоотой мэдээ