Эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 ажилтныг Японд сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-04-02 14:56:36

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Япон улсын Засгийн газрын 1.8 сая ам.долларын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаас “Улаанбаатар хотын 9 дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд Нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах, хүн амыг авран хамгаалах чиг үүрэгтэй  албадын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн нээлт НҮБ-ын байранд өнөөдөр боллоо.


Манай улсад төдийгүй дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтөөс болж ган, зуд, үер, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг ослын давтамж сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсээр байна. 


НҮБ-аас гаргасан судалгаагаар, Монгол оронд үерийн гамшгаас болж жилд дунджаар 24 сая ам.долларын хохирол амсаж, 92 иргэн амиа алддаг байна. Зөвхөн Улаанбаатар хотод болсон 2023 оны үерт 2000 гаруй иргэн өртсөн гэсэн судалгаа гарчээ. 


Төслийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд УОК-ын дарга С.Амарсайхан оролцож, хэлсэн үгэндээ, “Сүүлийн 40 жил тохиогоогүй төмөр буюу шилэн зудыг бид энэ өвөл даван туулсан ч өдгөө хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хот төлөвлөлтийг сайжруулах, үерийн далан, хамгаалалтын байгууламжуудыг засаж шинэчлэх, нэмж байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хэдий тийм боловч нийслэл хот орчимд шар усны үерээс улбаатай байгаль орчин, хөрсний бохирдлоос сэргийлэх, ундны усны эх үүсвэрийг хамгаалах, нийгмийн эрүүл мэндэд учрах эрсдэлээс сэргийлэх асуудал хурцаар тавигдсаар байна. Яг энэ үед уг төслийг хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон ажил гэдгийг онцлон тэмдэглэе. Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хөрөнгө оруулсан 1 ам.доллар нь гамшгийн дараах хор хохирлыг арилгахад зарцуулах 15 ам.доллартай тэнцдэг гэдэг. Гамшгаас сэргийлэх, хор хохирлыг бууруулах үйл ажиллагаанд олон улсын арга туршлага, чанар, стандартыг нэвтрүүлэх нь хамгийн чухал.    

Япон чанар хийгээд гамшгийн эрсдэлийн чиглэлээрх шинжлэх ухаан, бодит үр дүнгээр баталгаажсан мэдлэг мэдээлэл, НҮБ-ын Хүүхдийн Сангийн энэ талын арвин туршлага, хүч чармайлтаар Улаанбаатар хотын ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт сайжирч, бусад аймаг, хотод үлгэр дуурайлал болно гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэв. 


“Улаанбаатар хотын 9 дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд Нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах,  хүн амыг авран хамгаалах чиг үүрэгтэй  албадын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлснээр нийслэл дэх үерийн гамшигт өртөж болзошгүй бүсүүдэд оршин суугаа айл өрх, хүн ам, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усны эх үүсвэртэй болох чухал ач холбогдолтой.


Үүний хүрээнд гамшгаас авран хамгаалах албадын техник тоног төхөөрөмж, хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд ОБЕГ-т өндөр бүтээлт үерийн ус зайлуулах насосуудыг  нийлүүлж, үерийн эрсдэлтэй 18 бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барихын зэрэгцээ иргэд олон нийтийг мэдлэг мэдээллээр хангах чиглэлээр эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 ажилтныг Япон улсад сургаж дадлагажуулах юм.




Холбоотой мэдээ